Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн хүрээнд Мобайл төлбөр тооцооны токен систем буюу Токен үйлчилгээний систем (ТҮС) нэвтрүүлжээ. Уг системийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор Монголбанк нь “Голомт банк” (“SocialPay” хэтэвч нэвтрүүлсэн), “ККТТ” ХХК-тай (“QPay”) хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.
ТҮС нь хэрэглэгчийн эзэмшиж буй төлбөрийн картын мэдээллийг токен болгон хувиргаж, түүнийг бүртгэлжүүлэн хадгалж, тодорхой хугацаанд төлбөр тооцоонд ашиглах зориулалт бүхий систем бөгөөд мобайл төлбөр тооцооны найдвартай, аюулгүй байдлыг хангаж ажиллах цахимжуулсан томоохон дэд бүтэц гэнэ. Эл системийг нэвтрүүлснээр хэрэглэгчийн картын мэдээллийг хамгаалж, найдвартай байдлын баталгаа болж, төлбөр тооцоонд ашиглах үед картын мэдээлэл алдагдах, хуурамч, луйврын болон залилангийн гүйлгээ гарах эрсдэлийг эрс бууруулах юм байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч картаа биет бусаар, тухайлбал гар утсаараа дамжуулан төлбөр тооцоо, цахим хэтэвч ашиглан бүтээгдэхүүн худалдан авч, төлбөр төлөхөд санхүүгийн мэдээлэл нь алдагдахаас хамгаалах аж.
Бэлтгэсэн: Б.Сонор