Дэлхийн 182 улс жил бүрийн энэ өдрийг “Тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг. Манай Улс ДЭМБ-ын Тамхины хяналтын суурь конвенцод 2003 онд нэгджээ. Гэвч уг конвенцыг бүрэн хэрэгжүүлэхэд одоо ч тулгамдсан асуудлууд байсаар. Тухайлбал, тамхины хяналтын асуудлыг хариуцсан мэргэжилтний орон тоо байхгүй, уг бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах зорилготой Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагаа нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогссон. Үүний улмаас татвар ногдуулалт, олон нийтийн газар тамхи татахыг бүрэн хориглохтой холбоотой хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм. Тамхи үйлдвэрлэгчид бодлого боловсруулагчдад нөлөөлснөөс хуулийн зохицуулалтыг сулруулсан нэмэлт, өөрчлөлт хийсэн гэх асуудал ч бий. Тиймээс иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг нэмэгдүүлэх мөн Тамхины хяналтын хуулиа эргэн харж өөрчлөх цаг иржээ.
Өдгөө бага, дунд орлоготой, хөгжиж байгаа орнуудын тамхины хэрэглээ нэмэгдсэнээр нас баралтын тоо ч өсжээ. Манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь тамхи татдаг, нийт нас баралтын 17 хувь нь тамхинаас үүдэлтэй, хэрэглээгээрээ дэлхийд эхний 10-т ордог гэсэн таагүй мэдээ бий. Мөн хуулийн хэрэгжилт хангалтгүйгээс сургуулийн орчинд сурагчид утаат тамхи татах болжээ. Зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татахгүй гэх Тамхины хяналтын тухай хууль 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин 2015 оны нэгдүгээр сарын 29-нд дотоод орчинд тамхи татахыг зөвшөөрсөн тухай нэмэлт, өөрчлөлт оруулсан нь өмнөх хуулиа дордуулсан, үр дүнгээсээ ухарсан гэж мэргэжилтнүүд дүгнэсэн юм. Тамхи татах зөвшөөрөгдсөн цэг бүхий баар, рестораны агаарын чанарын судалгаагаар хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тоосонцор 327 мкг/м3 буюу аюулгүй газраас 27 дахин өндөр түвшинд гарав. Тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийн орчимд үзүүлэх нөлөө нь амьсгалын замаар шууд нэвтэрч, амьсгал, зүрх судасны тогтолцооны эмгэгийн шалтгаан болдог гэсэн харьцуулсан судалгааг хийжээ.
...Гэр бүлдээ өрнөж буй стресс бухимдлыг хэсэг хугацаанд тайлах гэж татдаг. Нөгөө нь дэгжирхэж, таашаал, донтолтод автан тамхинд ордог аж. Янжуур, электрон тамхийг долдугаар ангийн охид, хөвгүүд ч татах болсон талаар эцэг эхчүүд сэтгэл зовнин өгүүлэх болжээ....
ЭЛЕКТРОН ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ӨССӨӨР БАЙНА
Импортоор оруулж ирсэн электрон тамхины тоо өнгөрөгч жилүүдэд68 дахин өссөн байна. Энэ нь шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хууль эрх зүйн заалт байхгүйтэй холбоотой аж. Өсвөр насныхан электрон тамхийг хараа хяналтгүй хэрэглэх, хэт автах нь өдгөө хамгийн тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс зарим аймагт уг тамхи худалдахыг хориглох шийдвэр гаргаад буй. Тодруулбал, энэ сарын 15-нд Төв аймгийн Засаг дарга Зуунмод сумд үүнийг худалдан борлуулахыг бүрэн хоригложээ. Өмнөх жилүүдэд Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Өмнөговь, Баян-Өлгий зэрэг аймагт “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аяны хүрээнд 21 нас хүрээгүй иргэнд утаат, электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг сургуулийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор худалдан борлуулахыг хориглосон билээ. Ингэснээр дэлгүүр, бөөний цэгүүдэд хяналт шалгалт хийж, зөвлөмж өгсөн байна. Тодруулбал, Дархан-Уул аймагт “Үе тэнгийнхний дундах эерэг харилцаа-эрүүл орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан аж. Хэлэлцүүлэгт үе тэнгийн найзуудынхаа электрон тамхины зохисгүй хэрэглээний тухай голчилсон нь орон нутгийн удирдлагуудын анхаарлыг хамгийн их татсан байна. Тиймээс өсвөр насны хүүхдүүд электрон тамхины гол хэрэглэгч болсон гэж үзэн тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ийм шийдвэр гаргаад буй юм. ДЭМБ-ын гаргасан тамхины тархалтын тайланд өнөөдөр уг тамхийг бүрэн 34, хэсэгчлэн дөрвөн улсад хоригложээ. Хамгийн сүүлд Австрали улс хэсэгчлэн хориглоод байна. Хятад, Америкт хийсэн судалгаанд электрон тамхи хэрэглэгчдийн олонх нь нөхөн үржихүйн насны залуус байгаа аж.
ТАМХИ ТАТАХ ГУРВАН ШАЛТГААН
Өсвөр насныхан электрон тамхийг гурван шалтгаанаар татдаг гэсэн яриа хүүхдүүдийн дунд бий. Тэд нэгнийгээ дуурайж гоё харагдахаар нь сонирхож сордог. Гэр бүлдээ өрнөж буй стресс бухимдлыг хэсэг хугацаанд тайлах гэж татдаг. Нөгөө нь дэгжирхэж, таашаал, донтолтод автан тамхинд ордог аж. Янжуур, электрон тамхийг долдугаар ангийн охид хөвгүүд ч татах болсон талаар эцэг эхчүүд сэтгэл зовнин өгүүлэх болжээ. Янжуур нь бохьтой, электрон тамхи нь бохьгүй гэдгээрээ ялгаатай гэж хүүхдүүд хоорондоо ярихыг ч сонсож байлаа. Эцэг эхийнхээ өгсөн мөнгөөр хоол, хувцас биш, тамхи худалдан авч буй дүр зураг өдөр бүр харагддаг. Тэр ч байтугай өвөө, аав, ахынхаа тамхи татахыг байнга хардаг бяцхан жаалууд дуурайх хүсэл төрж, нууцаар ганц нэг сорсоор ирээдүйд архаг тамхичин болох эхлэл нь тавигддаг. Энэ мэтчилэн гэр бүл, сургуулийн орчин, найз нөхдийн хүрээллээс Монголд эрүүл иргэн бэлдэх орчин алга байна.
ЭЛЕКТРОН БОЛОН ЯНЖУУР ТАМХИ АДИЛХАН ХОРТОЙ
Электрон тамхи энгийн тамхинаас хор багатай гэдэг нь худлаа хэмээн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд мэдэгдсээр байна. Тэд “Хоргүй гэх хуурамч сурталчилгаанд итгэсэн хэрэглэгчид электрон тамхины хэрэглээг нэмэгдүүлж байгаа нь никотины хамаарлаас гарах биш, улам донтуулж байна. Тамхинаас гарах хүсэлтэй иргэдэд электрон тамхи санал болгож, янжуураас 20 дахин бага хортой хэмээн сурталчилдаг. Электрон тамхинд донтуулагч никотиноос гадна химийн бодис ч агуулагддаг. Тиймээс бүх төрлийн тамхин бүтээгдэхүүн хортой. Хэрэглэгчийнхээ 50 хувийг үхэлд хүргэдэг” гэжээ. Хэн ч бизнес эрхэлж болно. Харин хүний эрүүл мэндэд хортой худалдаа хийж болохгүй гэх асуудал ч хөндөгдөж буй. Ямар ч төрлийн тамхийг тодорхой хугацаанд хэрэглэхэд эрүүл мэндэд хор уршигтай болохыг уушги болон зүрх судасны эмч нар сануулж зөвлөсөн байдаг. Сүүлийн үед электрон тамхины нөлөөгөөр ДЭМБ-д бүртгэгдээгүй шинэ төрлийн өвчин нэмэгдэж буй. Тодруулбал, уушгины гэмтэл гэх шинэ өвчнөөр АНУ-д 60 гаруй хүн нас баржээ. Тэдний олонх нь хүүхэд, залуучууд байсан гэнэ. Манай улсад ч тамхи хэрэглэсний улмаас нас барсан тохиолдол гарсан. Тухайлбал, “Шри Шри амьдрах ухаан төв”-ийн багш Ц.Саранцэцэгийн хүү нь электрон тамхи татсаны уршгаар хавдар өвчнөөр хорвоог орхисон харамсалтай мэдээг олонд сургамж болох үүднээс өөрийн цахим хуудсандаа тэрбээр анхааруулж бичсэн байв. Тиймээс сав баглаа боодол, үнэр амт зэргээс өсвөр насныхан сонирхох болсон электрон болон янжуур тамхины хор нөлөө эн тэнцүү болохыг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.