Хаврын “Дархлаажуулалтын 10 хоног”-ийг энэ жил “Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье” уриан дор явуулж эхэлсэн талаар ЭМЯ-наас мэдээллээ. Эрүүл мэндийн сайдын энэ сарын 26-ны А/188 дугаар тушаалаар энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтад 10 сартайгаас найман насны хүүхдүүдийг хамруулах бөгөөд улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийх ажээ. Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Өнгөрсөн онд дэлхийн 162 оронд улаанбурхан өвчний 172 084 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны өвчлөлөөс гурав дахин олон байв. Энэ оны эхний таван сарын байдлаар Энэтхэг, Индонез, Нигер, Ангол, Конго, Афганистан, Филиппин, Вьетнам, БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн 124 улсад улаанбурхан өвчний 45 256 тохиолдол бүртгэгдэж, цаашид ихсэх хандлагатай байна. Энэ өвчин Монголд зөөвөрлөгдөх, тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгдсэн. Дархлааны түвшин харьцангуй сул 10 сартайгаас 8 насны хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй учраас үндэсний товлолт вакцинаас ямар нэгэн шалтгаанаар хоцорсон хүүхдүүдийг нөхөн дархлаажуулалтад цаг алдалгүй хамруулах хэрэгтэй” гэв.
“Дархлаажуулалтын 10 хоног” аяныг Засгийн газрын тогтоолын дагуу 29 дэх жилдээ зохион байгуулж буй юм.