"Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ойд зориулсан задгай талбайн шоу, фестивалийг энэ сарын 26, 27-нд зохион байгууллаа. Нисэхийн салбарын мэргэжил сурталчлах зорилготой ийм арга хэмжээг олон улсад өргөнөөр зохион байгуулж, гадаад, дотоодын жуулчдыг татдаг гэнэ. Харин Монголд ийм зорилгоор анх удаа санаачилсан бөгөөд цаашид тогтмол болгохоор төлөвлөжээ.
“BU airshow-2023”-г тус нисэх буудлын 12 га талбай бүхий хөөрөх зурваст хийсэн юм. Энэ үеэр цэргийн, байлдааны, иргэний нисэхийн зориулалттай 28 төрлийн онгоц, нисдэг тэргийг олон нийтэд танилцуулж, ойроос харах, зураг авхуулах, сууж үзэх боломж олгов. Түүнчлэн “Нислэг” төвийн онгоцноос Улаанбаатарыг агаараас тольдох боломж олгосон нь, Нисэхийн түүхийн музейг үнэ төлбөргүй үзүүлсэн нь энэ өдрүүдэд хамгийн эрэлттэй үйлчилгээ болсон юм. Мөн “Миг-29” хэмээх байлдааны онгоцны үзүүлбэр, эрэн хайх, аврах ажиллагааны үзүүлэх тоглолтуудыг иргэдэд толилууллаа. Энэ төрлийн онгоц манай улсад ердөө зургаа байдаг бөгөөд 2011 онд захиалан 2018 онд хүлээж авсан, цагт 2450 км зам туулах дээд хурдтайг зохион байгуулагчид онцолж байв. Тус арга хэмжээ хоёр хэсгээс бүрдсэн. 11.00-17.00 цагт гэр бүл, хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бол үүнээс хойш хөгжмийн фестивалиар үргэлжиллээ. Монголын рок, попын нэртэй хамтлаг, дуучдаас гадна БНСУ-ын DJ Жина фестивальд урилгаар оролцсон юм.