Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформыг өнгөрсөн долоо хоногт шинэчилж, “E-Mongolia 3.0” системийг албан ёсоор нээж үг хэлэхдээ Ерөнхий сайд Л.Оюун- Эрдэнэ “Эл системийг ухаалаг болгож хөгжүүлэх тусам, цаасан мэдээллийг цахимжуулж, нээлттэй болох бүрт, төр иргэн, хувийн хэвшил мэдээлэл солилцох тусам авлига, хүнд суртал, далд эдийн засгийн ертөнц нуран унах болно. Өмч хувьчлалаас ашигт малтмалын лиценз, Хөгжлийн банкны зээлээс нүүрс, зэсийн хулгай, нийслэлийн газрын наймаанаас төрийн сангуудын булхай хүртэл, өнгөрсөн 30 жилд болж өнгөрсөн зүйлсийг шилэн болгосноор иргэдийн мэдэх эрх хангагдаж, нийгмээрээ үнэлэлт, дүгнэлт өгсөөр байна” гээд Засгийн газар мэдээллийг ил тод болгосноор иргэдийг бухимдуулсан олон үйл явдал ээлж дараалан болж байгаад хүлцэл өчихийн сацуу “Гэхдээ цахимжуулаагүй бол бид энэ бүхнийг хэзээ ч мэдэхгүй өнгөр ч болох байсан.
Ил тод болгоогүй бол системийн авлига хэчнээн удаан хугацаанд бидний боломжийг шимэгчлэн амьдрах байсныг таашгүй. Өнөөдөр бухимдалтай ч ил тод маргаашийн төлөө бид үүнийг заавал хийх учиртай” хэмээсэн.
...“Шил” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал“өмчлөөд” авчихлаа. Засгийн газраас явуулж буй эл үйл ажиллагааны “автор” болохыг зорьж байгаа нь даваа гараг бүрт хийдэг ээлжит мэдээллээс нь илт анзаарагдаж буй....
Үнэндээ энэ бүхэн хэзээ нэг өдөр ил болох л байсан. Гагцхүү хэзээ, ямар арга замаар, хэр ээдрээтэй нөхцөлд, юуг золиосолж байж гаргаж ирэх, эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Ямартай ч төр засаг нь нэг л болохгүй, эрх баригчид юу ч юм нуугаад, хаагаад байгааг иргэд мэдэж, мэдэрч байгааг судалгааны олон үр дүн хэлж ирсэн. Манай улсад нүүрлэсэн авлига ч үүний бэлээхэн илэрхийлэл билээ. Харин төрийн мэдээллийг цахимжуулж, нээлттэй болгох ажлыг хавьгүй эрт хийж болох байсан уу гэвэл тийм. Ядаж л сүүлийн хоёр сонгууль дараалан олонх болсон МАН-ынхан найман жилийн турш эрх барих хугацааныхаа төгсгөлд бус, эхэнд нь ил болгож чадах л байсан. Өнгөрсөн хугацаанд явуулсан найман удаагийн сонгуулийн тавд нь МАН (хуучнаар МАХН), хоёрт нь АН-ын тэргүүлсэн эвсэл ялж, нэг удаа буюу 2004 онд тэд эвслийн Засгийн газар байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 гаруй жилийн 20-иос илүүд нь дангаар эрх барьж байгаагийн хувьд өчнөөн жил хав дарж ирсэн мэдээллээ Ардын намынхан өдгөө өөрсдөө л ил болгож эхэлж буй хэрэг. Иймд тэдний “Бид шүгэл үлээсэн” хэмээн сагсуурч, “эх сурвалж” болохын төлөөх цагаандаа гарсан өрсөлдөөн нь айсуй сонгууль угтсан пиараас өөрцгүй харагдаж байна.
Сануулбал, “нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороог УИХ байгуулаад нэг жилийн нүүр үзэх гэж буй. Уг нь зургаан сарын дотор тусгай шалгалт явуулж, тайланг нь санал, дүгнэлтийн хамт УИХ-д танилцуулах үүрэгтэй ч тус түр хорооны ажиллах хугацааг хагас жилээр сунгаад сураг тасрав. Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хорооныхон өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй сонсгол зохион байгуулах байсан ч мөн сарын эхээр тус түр хорооны дарга Г.Ганболд мэдээлэл хийж, АТГ-аас тавьсан хүсэлтийн дагуу хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Тодруулбал, эл хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын хянан шалгах түр хорооноос гадна АТГ, Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа учраас зарим нотлох баримтыг нийгэмд урьдчилж гаргахаас сэргийлэн хойшлуулсан хэмээн тайлбарласан билээ. Гэхдээ АТГ тус сонсголыг хойшлуулах, хийлгэхгүй байх ямар нэгэн хүсэлтийг дээрх түр хороонд хүргүүлээгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Юутай ч нээлттэй сонсгол хийснээр нийгмээрээ зарим хүнийг гэм буруутайд тооцох эрсдэл бий болохыг үгүйсгэхгүй ч эл хэрэгт “холбогдогчид”-ыг зарласнаас хойш тэд “яллуулж” буй. Тухайлбал, “нүүрсний” хэмээх хэргийн сонсголд 114 хүнийг гэрчээр дуудахаар төлөвлөсөн гэх бөгөөд тэдний олонход нь эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар түр хорооны дарга Г.Ганболд мэдээлсэн. Үүнээс гадна тус хэрэгт холбогдсон хүмүүсийн дотор төрийн өндөр албан тушаалтан, улстөрч цөөнгүй бий. АН, МАН-ын аль алинаас нь холбогдсон ч эрх баригчид давуу байдлаа ашиглан өрсөлдөгч, бусад намынхан руу илүүтэй дайрч, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулахыг үгүйсгэхгүй. Жил хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулиас өмнө эл хэргийг нэг тийш нь болгон шийдвэрлэж, холбогдсон хүмүүс нь гэм буруугүй бол нэрийг нь цэвэрлэж авахгүй бол хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн зорилгоор ашиглагдах нь тодорхой. Сонгуульд өрсөлдөх эрхийг нь хаахаас гадна “нүүрсний” хэрэгт холбогдсон гэдгээр нь харлуулж, гүтгэх нь энүүхэнд. Гэвч УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд зааснаар хянан шалгах түр хороог зургаан сар хүртэл хугацаагаар байгуулж, шаардлагатай бол мөн хугацаагаар нэг удаа сунгаж болно. Үндсэндээ Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох түр хороо үргэлжлүүлэн ажиллах боломжгүй. Тэгээд ч сонгууль болж, одоогийн УИХ-ын бүрэн эрх дуусгавар болсон бол тухайн түр хороог татан буугдсанд тооцох тул “нүүрсний” гэх хэрэг урагштай шийдэгдэх нь юу л бол.
“Хөгжлийн банкны” гэх хэрэгт холбогдуулан УИХ-ын түр хорооноос явуулсан сонсгол хоёр сар үргэлжилсэн. Энэ үеэр хуралдаан даргалагч, эрх баригчдын зүгээс сөрөг хүчнийхнийг илүүтэй харлуулж, дайрах гэсэн хандлага гаргалаа хэмээн шүүмжлүүлсэн нь ч бий. Өдгөө тус хэргийн шүүх хурал нь эхэлснээс хойш нэг сарын нүүр үзэж байна.
Энэ бүхэн эрх баригчдын өөрсдөдөө давуу тал бий болгож, өрсөлдөгчөө муутгах гэсэн сонгуулийн бэлтгэл, шоу байж болохоос гадна үүнийг зарим улстөрч өөртөө оноо цуглуулах арга хэрэгсэл болгож байгаа нь ч нууц биш. Магадгүй эрх баригчид дотроо нэг нь нөгөөгөө дарж, харлуулах гэсэн зорилгынхоо хэсэг, арга хэрэгсэл болгохыг зорьж байхыг ч үгүйсгэхгүй. Жишээ нь, “Шил” ажиллагааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “өмчлөөд” авчихлаа. Засгийн газраас явуулж буй эл үйл ажиллагааны “автор” болохыг зорьж байгаа нь даваа гараг бүрт хийдэг ээлжит мэдээллээс нь илт анзаарагдаж буй. Өнөөдөр ч бас нэгэн сэдэв барьж авч, баахан “попрох” биз. Боловсролын зээлийн сангаас хэн хэн, ямар хэмжээний мөнгийг хэзээ авсан, түүнийгээ төлсөн үү, үгүй юү гэдэг мэдээллийг нийтээр нь ил гаргахдаа зарим улстөрчийг зорилтот бай болгон, дайрч байгааг бид энэ хэдэн хоногт хангалттай харлаа. Мөн газар олгохтой холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг дарга нарын 2000 оноос хойших бүх шийдвэр, захирамжийг shilen.gov.mn цахим хуудсанд нээлттэй байршуулсны дараа ч энэ мэт хандлага ажиглагдсан.
Хамгийн гол нь өнгөрсөн мэдээллийг өнөөдрийн “улс төр” болгохоос илүүтэй ирээдүйд ийм алдаа гаргахгүйн тулд юу хийх, нэгэнт үүссэн хэрэг явдлыг тухай бүрт нь шийдэж, мухарлаад, цаашид баримтлах үндсэн зарчмаа тодорхойлоод явах нь чухал. Ерөнхий сайдын хэлээд байгаа шинэ 30 жилийн бодлого эндээс л эхлэх учиртай. Жишээ нь, Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлыг АТГ, цагдаагийн байгууллага мөрдөн байцаах эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж эхэлсэн бол тодорхой хариулт болохуйц үр дүн гарган ажиллаж, өнөөгийн талцал, жигшил, цаашдын улстөржилтийг хаах ёстой. Засгийн газрын тэргүүний хэлсэнчлэн энэ бүх үйл ажиллагаа нь ил тод маргаашийн төлөө чиглэж байгаа бол ийм зүйл дахин давтагдахгүй байх хөрс суурийг нь бүхий л талаар бүрдүүлж, бэлдэх учиртай.