Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ )- ийнхэн элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа өнгөрсөн гуравдугаар сард хийжээ. 47 настай эрэгтэй уг мэс заслыг хийлгэсэн бөгөөд биеийн байдал нь өдгөө сайжирч, уг эмчилгээ амжилттай болсон нь батлагдсаныг тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийнхан өчигдөр мэдээлсэн юм. УНТЭ-т Элэг шилжүүлэн суулгах багийг анх 2009 онд байгуулжээ. Тус багийнхан анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-нд БНСУ-ын “Асан ” анагаах ухааны их сургуулийнхантай хамтран хийсэн байна. Харин 2015 оноос гадаадын мэргэжилтнүүдийн тусламжгүйгээр монгол эмч нар бие даан хагалгаа хийх болжээ. Тус багийнхан одоогоор долоо хоногт нэг хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийх боломжтой аж. Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Хүний гавьяат эмч О.Сэргэлэн “Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулаад 10 гаруй жил боллоо. Элэгний эмгэг нь эцсийн шатанд орсон өвчтөнүүдийг бид өмнө нь эмчилж чаддаггүй байсан. Тэгвэл одоо дийлэнх хувьд нь мэс засал хийж, амийг нь аварч чаддаг боллоо. Цаашид бид Монгол Улсдаа судасны бан ктай болох, хос донороос элэг шилжүүлэн суулгах, мөн нойр булчирхай шилжүүлэн суулгах зорилт тавин ажиллаж байна” гэв. Ташрамд дурдахад, манай улсад УНТЭ-ээс гадна Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Тус төвд одоогоор 100 орчим хүнд уг хагалгааг хийгээд буй гэнэ.