Мэргэжлийн хяналтын байгууллагаас өнгөрсөн онд эрхийг нь цуцалсан мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүд, мах бөөнөөр худалдах төвийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм журам, тогтоол шийдвэр, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийн, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдлыг арилгасан, эсэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх зорилгоор ХХААХҮЯ, ЭМЯ-наас хамтарсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт зохион байгуулжээ. Тодруулбал, энэ сарын 19-ний 03.00-14.00 цагийн хооронд “Хүчит шонхор”, “Нарантуул-2” худалдааны төв, махны худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ, Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын улсын ахлах байцаагчид төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн аж. Дээрх хугацаанд “Хүчит шонхор” худалдааны төвд орон нутгаас 25-30 тонн мах нийлүүлсэн бөгөөд ямар нэгэн зөрчил илрээгүй.
Бэлтгэсэн: Б.Сонор