Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ХНХ-ын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө. Тодруулбал, тэрбээр
"Салбарын хууль илүү ээлтэй батлагдвал илүү өндөр цалин хангамж нэмэгдэл авдаг. Заримдаа салбарын яам, УИХ-ын гишүүдээс санаачлан цалин хангамжийг өөрөөр тогтоогоод байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад төсвөөс 20 хувь, 80 хувь хүртэл өөрсдийн төсвөөс нэмж санхүүжүүлдэг болсон. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо удирдлагатай байгууллагуудын нэмэгдэл нь хэвтээ удирдлагатайгаас байгууллагуудаас бага байна. Энэ нь төрийн албан хаагчдын хувьд бухимдал үүсгэсэн.
Нийслэлийн төрийн албан хаагчдын цалин орон нутгийнхаас өөр болсон. Шатлал ондоо болсон нь мөн л бухимдал үүсгэж байна.
Бид нэн түрүүнд төрийн үйлчилгээний албан хаагчдын хэт ялгаатай байдлыг нэгтгэж тэгшитгэх ёстой гэсэн байр суурьтай байна. Цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол МУ-ын хувьд нийт 300 мянган хүн манай төртэй холбоотой ажил хөдөлмөр эрхэлж байна. Нөгөө талдаа цалин хангамж маш бага, бүтээмж муу, бухимдалтай байна.
Төсвийн тодотголоор нэн түрүүнд эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын цалинг тэгшитгэж нэмнэ. Бид ялангуяа хамгийн доод хэмжээг тэгшитгэж аваачна. Соёлын салбарын доод хэмжээ 500-600 мянга орчим байгаа бол шинжлэх ухааны доод хэмжээ 780-800 орчим мянган төгрөг байна. Мөн хэлтсийн дарга тэрний доод ажилладаг мэргэжилтний цалингийн зөрүү 20-30 мянга байна.
Төрийн захиргааны төв байгууллагын цалингийн хэмжээ өөр, нийслэл өөр, орон нутаг бас өөр байна.
Тэтгэвэр дээр бид тооцоо судалгаа хийж байна. Би сайдын ажлаа аваад нэг сар болж байна. Тэтгэврээс доогуур хэмжээтэй цалин авч байгаа төрийн албан хаагч ч байна.
Хүүхдийн мөнгөний тухайд "нийт хүүхдийн 91 хувь, хүсэлт гаргасан хүүхдүүдэд олгоно" гээд заачихсан учраас төсвийн тодотголоор шийднэ. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан маш олон хүн байна. Энэ бухимдлыг арилгахын төлөө ажиллана." гэлээ.