Манай улсын хэмжээнд өнгөрсөн сард мөнгөний нийлүүлэлт 30.1 их наяд төгрөгт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн анхаарал хандуулах буюу чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл дөрөвдүгээр сард 1.4 их наяд төгрөг болсон нь жилд 39 хувиар нэмэгдсэн дүн аж. Чанаргүй зээлийн хэмжээ 2.3 их наядад хүрч, 7.2 хувиар дээшилжээ. Хаврын тариалалтад бэлтгэсэн буудайн үрийн нөөц энэ сарын 1-ний байдлаар 52.8 мянган тонн байсан нь өмнөх оны мөн үеийнхээс 3.6 мянган тонноор буурсан дүн гэдгийг дээрх хорооноос мөн дурдлаа. Хаврын тариалалтыг эхлүүлэхэд шаардлагатай анжисны 97.9, өргөн холбооны хэрэгслийн 97.3, төмс, хүнсний ногооны үрлүүрийн 95.8 хувийг бэлтгэсэн гэнэ. Бүх төрлийн сийрүүлэгч, дугуйт болон гинжит тракторын 75-84 хувийг засаж, сэлбэн ажил эхлүүлэх бэлтгэл хангасан аж.