Газар олгохтой холбоотойгоор гаргасан нийслэлийн Засаг дарга нарын 2000-2021 он хүртэлх хугацаанд гаргасан бүх шийдвэр буюу 36 958 захирамжийг shilen. gov.mn цахим хуудсанд нээлттэй байршуулжээ. Үүнээс тухайн захирамжийг хэзээ, ямар байршилд, юуны зориулалтаар, хэн гэдэг Засаг дарга, ямар байгууллага, хүнд олгосон, газрын төлбөрөө төлсөн, эсэх зэрэг мэдээллийг харах боломжтой. Цаашлаад газрын эрхийн гэрчилгээг хэдэн удаа шилжүүлж, дамжуулсан, зориулалтыг нь хэрхэн өөрчилсөн мэдээлэл ч бий аж. Эдгээрээс газрыг эзэмших, ашиглах 11 954, гэрчилгээний талбай, зориулалтыг өөрчилсөн 6329, шилжүүлсэн 8525, хугацааг нь сунгасан 7150 захирамж байгаа гэнэ. 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарах мэдээллийг ирэх сарын 1 гэхэд нээлттэй байршуулахаар ажиллаж байгааг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцоллоо. Газрын зориулалтыг өөрчилсөн тохиолдол нэлээд ажиглагдсаныг тэрбээр дурдав.
Дээрх хугацаанд есөн хүн Засаг даргаар ажилласан бөгөөд газар олгосон талаарх тоон мэдээллийг хүргэж байна (Зурагт тодорхой үзүүллээ). Эдгээрээс М.Энхболд хамгийн олон буюу 7374 захирамж гаргажээ. Энэ нь 21 жилд тэдний гаргасан нийт захирамжийн 20 хувьтай тэнцэж байна. Харин Ж.Батбаясгалан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр дөрвөн сар ажиллахдаа газар олгох тухай 174 захирамж гаргасан нь хамгийн цөөн нь аж. Мөн2004 онд хамгийн олон буюу 2048, 2007 онд хамгийн цөөн буюу 251 захирамж гаргасан байна. Түүнчлэн нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент” 14.9, “Ксени” ХХК 14 сая ам метр талбайтай газартай тул энэ жагсаалтыг тэргүүлжээ.
Мөн өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга нарын гаргасан, газар олгохтой холбоотой захирамжийг ил тод болгох юм байна. Цаашлаад тухайн газарт ямар барилга, байшин байгааг ч нэгтгэн мэдээлэх гэнэ. Улмаар “Шил” ажиллагааны хүрээнд холбогдох мэдээллүүдийг задлан шинжилж, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахаар төлөвлөжээ.