Ерөнхий боловсролын сургуулийн хоолзүйчдийг богино хугацаанд, хөрвүүлэх сургалтаар бэлтгэх төслийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж байна. “Боловсролын дэлхийн түншлэл” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хоолзүйч, шим тэжээл судлаач 36 мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөжээ. Үүнээс 27 нь сургалтаа дүүргэж, ажлын байранд гаргахад бэлэн болсон бөгөөд тэд орон нутагт очиж ажиллах гэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн дагуу сургуулиудад хоолзүйч зайлшгүй ажиллуулах ёстой. Гэсэн ч өдгөө улсын хэмжээнд ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоолзүйч ажилладаг гэнэ. Энэ нь нийт сургуулийн дөнгөж 10 орчим хувь бөгөөд цаашид боловсролын бүх байгууллагад мэргэжлийн хоолзүйч, шим тэжээл судлаач ажиллуулж, “Үдийн хоол” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал аж. Уг нь ШУТИС-д 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажилладаг гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч