Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг бие бялдрын түвшин тогтоох сорилд хамруулжээ. Тухайн хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг үнэлэх зорилготой, хурд, хүч, тэсвэр, уян хатан байдал, тэнцвэр, авхаалж самбаа гэсэн долоон үзүүлэлтээр бие махбодын үндсэн таван чанарыг тодорхойлох уг сорилыг дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ахлах мэргэжилтэн Ш.Тодгэрэлийн удирдлагаар явуулсан аж. Удирдамжийн дагуу тухайлбал, хүн 30 секундэд хурд, хүчний дасгалыг хэр чадамжтай гүйцэтгэж буй зэргээр бие махбодын хөгжлийг тогтоосон байна. Мөн “Танида” хэмээх аппаратаар биеийн жин үзэхээс эхлээд организм дахь өөх, ус, яс, булчингийн хэмжээ, хэвлийн өөхлөлт ямар байгааг шинжилжээ.
Биеийн тамир, спортын улсын хорооноос энэ ажлыг жил бүр орон даяар зохион байгуулж иржээ. Ерөнхийлөгчийн 53 дугаар зарлигийн хүрээнд явуулдаг энэхүү арга хэмжээний зорилго нь хүн амын дунд хөдөлгөөний хомсдол, дутагдал хэр байна, нийтийн биеийн тамираар хичээллэж байгаа, эсэхийг судалж, дүгнэх аж. Энэ удаагийнхыг энэ сарын29-нд өндөрлүүлэх гэнэ. Иргэд оршин суугаа хаягийн дагуу сум, дүүргийнхээ биеийн тамирын байгууллагад хандаж, уг сорилд хамрагдаж болох юм байна.
Нийслэл, 21 аймгийн биеийн тамир, спортын байгууллагууд сорилын дүн мэдээг улсын төв байгууллагад ирэх сарын 2 гэхэд хүлээлгэж өгнө. Ингээд зогсохгүй дээрх зарлигийн дагуу төрийн болон бусад байгууллагад үйл ажиллагаа явуулдаг биеийн тамирын хамтлагууд сорилын дүнг үндэслэж, ажилтнуудад чиглэсэн чийрэгжүүлэн, бялдаржуулах ажил зохион байгуулах үүрэгтэй аж. Төрийн байгууллагуудын 60-70 хувь нь биеийн тамирын хамтлагтай гэнэ.