Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажлынявц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай 06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулав. Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг сайд С.Чинзоригт даалгалаа. Мөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багц төлбөрийн хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан судалж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим системийн дэд бүтэц, программ хангамж, хөгжүүлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов.
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулж буй. Үүнд энэ сарын 1-ний байдлаар хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо.
Бэлтгэсэн: У.Наран