МХБ-ийн I ангилалд бүртгэсэн “Хаан банк”-ны хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжааг өчигдөр эхлүүлэхэд ханш нь 14.91 хувиар дээшилж, нэгж нь 1102 төгрөгтэй тэнцлээ. Улмаар зах зээлийн үнэлгээ нь 2.1 их наяд төгрөг болсон нь бусад компанийнхаас өндөр дүнд тооцогдов. Үүнээс өмнө буюу өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-нд МХБ-д зах зээлийн үнэлгээ нь хоёр их наяд төгрөгт хүрсэн анхны компани нь АПУ болж байв. Өчигдрийн байдлаар АПУ компанийн зах зээлийн үнэлгээ 1.37 их наяд, “Голомт банк”-ных 853.9, “Тавантолгой”-нх 603.5, “Төрийн банк”-ных 452.3 тэрбум төгрөг болсон нь эхний тавд бичигдэх үзүүлэлт юм. Дээрх биржид бүртгэлтэй компаниудын үнэлгээ ч өчигдөр 8.7 их наяд төгрөг болж, түүхэн дээд түвшиндээ хүрэв. Эргэн сануулахад, МХБ-ийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн гуравдугаар сарын эхэнд анх удаа долоон их наяд төгрөг давж байсан билээ. Сонирхуулахад, МХБ-ийн өнгөрсөн сард хийсэн арилжааны дүн өсөж 219.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. “Хаан банк” IPO гарган 183.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн нь үүнд нөлөөлсөн аж. Тэгвэл 19 орчим тэрбум төгрөгийн компанийн бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжсаныг зарим шинжээч дурдлаа.
Бэлтгэсэн: Б.Сонор