“Эрүүл монгол хүн” үндэсний чуулган өнгөрсөн баасан гарагт боллоо. Иргэдэд тулгараад буй эрүүл мэндийн асуудлууд, тэр дундаа, архи, согтууруулах ундааны хэрэглээ, зөв хооллолт, хүүхэд, залуусын эрүүл мэндийн боловсрол зэргийг уг чуулганаар хөндөв. Зохисгүй хооллолт, согтууруулах ундааны хэрэглээ, хөдөлгөөний дутагдал, илүүдэл жин зэрэг нь иргэдийн эрүүл мэнд төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эрсдэл учруулах хэмжээнд хүрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тиймээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-тай хамтран спорт цогцолбор байгуулж буй гэнэ. Түүнчлэн манай улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй зүрх, судасны эмгэгээс сэргийлэх, эрт илрүүлэх, эмчлэх зорилготой Зүрх, судасны төвийг Японы дэмжлэгтэйгээр байгуулахаар ажиллаж буйгаа дуулгалаа. Үүний хүрээнд эмч нараа Японд мэргэшүүлэн бэлтгэхээр төлөвлөсөн гэнэ. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн. Уг хуулийн дагуу согтууруулах ундааны борлуулалтын орлогын тодорхой хувийг иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгоход зарцуулах боломж бүрдсэнийг талууд онцоллоо. Уг ажлын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хариуцсан сан байгуулахаар төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч