“Голомт банк” өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хувьцааныхаа 11.43 хувьтай тэнцэх буюу 12 060 411 ширхэг үнэт цаас гаргаж, 118 815 152 890 төгрөг татан төвлөрүүлсэн. Эл хөрөнгөөс 31 тэрбумыг нь зээлээр олгосноо тайлагнав. Тодруулбал, том аж ахуйн нэгжийн бизнесийн зээлд 11.5, жижиг, дунд бизнес эрхлэгч болон иргэдэд 8.1, хэрэглээний зээлд 6.4, орон сууцныхад таван тэрбумыг олгосон байна. Одоогоор ашиглаагүй 85.7 тэрбум төгрөгийг Монгобанкны үнэт цаасанд байршуулсан бөгөөд цаашид төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар зээл олгоход зарцуулах аж.
Мөн “Төрийн банк” олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтаа тайлагнасан юм. Тус банк өнгөрсөн жилийн аравдугаар сард25.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн. Улаанбаатарын төвлөрлийг бууруулах, орон нутгийн иргэд, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэл баримталж, нийт зарцуулалтын 61 хувь буюу 15.5 тэрбумыг нь хөдөөд олгосон байна. Ташрамд дурдахад, “Хаан банк”-ны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлэх МХБ-ээс мэдээллээ.
Бэлтгэсэн: Б.Сонор