Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. Ингэхдээ Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус илтгэлийг анх удаа бүлэг бүрээр нь авч үзсэн юм. Байнгын хорооны хуралдаанаар гэхэд л эхний өдөр 22 дахь илтгэлд багтсан хүүхдийн болон хөдөлмөрлөх эрхэд хамаарах зарим зүйлийн талаар ярилцсан. Харин дараагийн өдөр нь ахмад настнууд эрхээ эдэлж буй, эсэх, улс төрийн хүрээн дэх жендерийн эрх тэгш байдал, халдашгүй чөлөөтэй байх эрх, иргэний оролцооны болон хүний эрх хамгаалагчийн эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцсэн юм. Мөн ХЭҮК-ын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайлантай 22 дахь илтгэлийн хамт танилцлаа.
...Улсын ерөнхий прокурорын газрын мэдээгээр 2020-2022 онд нийт 2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна...
Юутай ч парламент энэ удаа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг өнгөрсөн 20 гаруй жилд хэлэлцсэн нэр хэмээж ирсэн жишгээсээ илүү ажил хэрэгч хандав. Улмаар холбогдох асуудлуудаар тогтоолын төсөл боловсруулж, хэлэлцүүлэхийг даалгалаа. Тухайлбал, төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, харилцаа, цалин хангамжийн талаар анхаарал хандуулахыг Хууль зүйн байнгын хороонд УИХ-ын дарга чиглэл болгосон юм. Хүний эрхийн комисс (ХЭҮК)-ын зүгээс төрийн албан хаагчийн цалин хөлсийг амьдралын чанартай нийцүүлэн нэмэгдүүлэх, гүйцэтгэх ажил, үүргийн хувьд адилтгасан цалин хөлсний нэгдсэн бодлогыг УИХ, Засгийн газраас тодорхойлж, хэрэгжүүлэх санал гаргасан. Цаашлаад тэдний нийгмийн баталгааг хангах, тусгай алба хаагчдын хувцас, хэрэгсэл, хүнсний нормд шаардагдах тооцооллын дагуу төсвийг нь бүрэн олгох, онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиас багагүй тогтоох гэх мэт санал бий.
22 дахь илтгэлд долоон асуудал хөндсөний нэг нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой. Анхны илтгэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл энэ сэдвийг хөндөөгүй тайлан гэж бараг үгүй. Харин энэ удаа төрийн албан хаагч, тэр дундаа үйлчилгээний болон тусгай албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийг онцлов. Мөн хоригдлуудын хөдөлмөрлөх эрхийн талаар тусгасан юм. Монгол Улсын нийт ажиллах хүчний 18.4 хувийг төрийн 225 205 албан хаагч эзэлж байна. Харин тэдний 67.6 хувь нь үйлчилгээний, 20.9 хувь нь тусгай албан хаагч юм. Хоёр жилийн өмнөх буюу 20 дахь илтгэлд цар тахлын үед эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар онцолж байв. Мөн 18 дахь илтгэлд онцгой байдлын алба хаагчид, 17 дахь илтгэлд хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтынхан, 16 дахь илтгэлд цэргийнхэн, 14 дэх илтгэлд цагдаа нар гэх мэтээр тус тусад нь хөдөлмөрлөх эрхийнх нь талаар хөндөж ирсэн юм. Тиймээс ч ХЭҮК-оос тавьсан дээрх саналууд нь нэн шинэ биш, олон жилийн өмнөөс анхааруулж байсан гэж хэлж болно. Гэхдээ ХЭҮК-ын дарга УИХ-д танилцуулсан илтгэлдээ “Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн хэмжээ амьжиргаанд нь хүрэлцдэггүй, эдийн засгийн агуулгаараа ядуурлын нөхцөлд байна” хэмээн онцолно лээ. Нэгэнт УИХ-ын ээлжит сонгуулийн жилийн өмнөх онтой золгосон тул энэ удаа эрх баригчид илүү ажил хэрэгч хандаж магадгүй. Учир нь Засгийн газраас цалингийн тогтолцоог боловсронгуй болгох санал боловсруулах ажлын хэсэг байгуулаад буй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан тус ажлын хэсгийнхэн төрийн албан хаагчдын цалингийн ялгаа, зөрүүг арилгах, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх чиглэлээр төсөл боловсруулж байгаа юм.
Иймд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, бүх насаар нь болон ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүнийг баривчлан саатуулах эрх зүйн орчин, хамрах хүрээ зэрэг нь хүний эрхийн зарчим, хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг энэ удаагийн тайланд тусгайлан судалсан аж. Улмаар сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох гэх мэт есөн саналыг ХЭҮК-оос УИХ-д хүргүүлсэн юм.
Хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн тухайд ХЭҮК-оос ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн салбар дундын нэгдсэн бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлэх, “Хоригдлыг суллахад бэлдэх хөтөлбөр”-ийн санхүүжилтийг шийдвэр лэх зэрэг санал гаргажээ. Энэ сэдвийг 13, 15 дахь илтгэлд онцолж байсан бөгөөд ялтнаар хөдөлмөр эрхлүүлэхдээ цалин, хөлсний үнэлгээг үндэслэлтэй тогтоон, хийсэн ажилд нь тохируулан ялгаваргүй олгох шаардлагатайг анхааруулсан байдаг.
22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбоотойгоор УИХ-ын зүгээс халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар процессын хуулиудад нарийвчлан тусгаж, тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн юм. Анхны илтгэлд буюу 2002 онд ХЭҮК “Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хэрэгжилт манай улсын хувьд өөр ямар ч эрхтэй харьцуулшгүй доод түвшинд байна” хэмээн дүгнэж байжээ. Өнгөрсөн хугацаанд хууль, эрх зүйн орчноо шинэчилж ирсэн ч хэрэгжүүлэхдээ хийдэл үүсгэх, хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэглэхгүй байх, алба хаагчдын мэдлэг, хандлагаас шалтгаалан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөөр л байна. Тухайлбал, ХЭҮК-т сүүлийн таван жилийн байдлаар нийт4165 гомдол ирүүлснээс 722 нь халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөнтэй холбоотой аж. Түүнчлэн НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтэд сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувь нь ямар ч шүүхийн шийдвэргүй, хорих ангиуд дахь хүний эрхийн нөхцөл сайнгүй байгааг дурдсан билээ. Үүнээс гадна Улсын ерөнхий прокурорын газрын мэдээгээр 2020-2022 онд нийт2674 сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилж, үүнээс 1079 буюу 40.3 хувийг нь шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр сулласан байна. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах үндэслэлд хамаарах “хойшлуулшгүй тохиолдол”, “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” зэрэг үндэслэлийг тодорхой хязгаарлалтгүйгээр, хэт өргөн хүрээтэй хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна. Иймд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, бүх насаар нь болон ганцаарчлан хорих ял эдлүүлж буй байдал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүнийг баривчлан саатуулах эрх зүйн орчин, хамрах хүрээ зэрэг нь хүний эрхийн зарчим, хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг энэ удаагийн тайланд тусгайлан судалсан аж. Улмаар сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох гэх мэт есөн саналыг ХЭҮК-оос УИХ-д хүргүүлсэн юм.
Түүнчлэн УИХ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг Хууль, тогтоомжийн тухай хуульд заасан үе шат, шаардлагын дагуу боловсруулж, хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзлээ. Уг хуулийг 2011 оноос хойш гурван удаа шинэчлэн найруулах гэж оролдсон ч ажил хэрэг болоогүй л байна. ХЭҮК-ынхон 2021 онд ажлын хэсэг байгуулж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаа 22 дахь илтгэлд хавсаргасан нь үүнийг урагшлуулахад дөхөм байж мэднэ. Учир нь бас л анхны илтгэлээс авхуулаад үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, мэдээллийн эрх чөлөө хангалтгүй байгааг цөөнгүй илтгэлдээ хөндөж ирсэн ч 1998 онд баталсан, дөрөвхөн зүйл бүхий (бичгийн цаасны тал хэмжээтэй) хуулиа өдий хүртэл шинэчилсэнгүй.
Эрүү шүүлт тулган, хүнтэй хүнлэг бусаар доромжлон харьцаж, хууль бусаар мөрдөх явдал багагүй гарсныг ХЭҮК-ын гишүүн Я.Цэлмэн дурдаад, үндэсний хэмжээнд урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцолно лээ. Өмнөх илтгэлүүдэд олонтоо дурдсан эрүү шүүлтийн талаар ингэж тусад нь тайлан хэлэлцүүлэх нь муугүй хэрэг. Нөгөө талаас гагцхүү УИХ-аас шалтгаалах хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг эхлүүлж, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу холбогдох хуулиудаа сайжруулах нь чухал билээ.