Гадаад орчны үйлчлэлийн эсрэг хүний дархлааны тогтолцоо хариу урвал өгөхийг харшил буюу аллерги гэнэ. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн судалгаагаар манай улсад таван хүн тутмын нэг нь ямар нэгэн харшилтай болох нь тогтоогджээ. Энэ төрлийн өвчин, эмгэгтэй хүмүүсийн 80 орчим хувь нь ургамлын тоосны харшилтай. Тэр дундаа 70 хувь нь шарилжийн харшилтай юм байна.
Олон улсад харшлын өвчний тархалт жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Дэлхийн нийт хүн амын 40 хувь нь харшлаар өвчилсөн болохыг Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэг хэллээ. Тэрбээр “Нэг төрлийн харшилтай хүн бүрт адилхан эмчилгээ хийнэ гэсэн үг биш. Тухайн хүний нас, хүйс, биеийн жин, онош, харшил үүссэн шалтгаан, өвчилсөн хугацаа гээд олон хүчин зүйлээс шалтгаалан өөр өөр эмчилгээ хийдэг. Тиймээс иргэд шинжилгээ өгч, харшилж буй зүйлээ тогтоолгосны дараа нарийн мэргэжлийн эмчийн бичсэн жорын дагуу эмчилгээ хийлгэх нь зүйтэй” хэмээн зөвлөлөө.
БҮС НУТГИЙН СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА
Хавар эрт ирдэг говийн бүсэд шарилжийн харшил давамгайлж байгаа аж. Улирлын чанартай ургамлын харшил нь хамар битүүрч, нус гоожин, нүд загатнах шинж тэмдгээр илэрдэг. Улаанбаатар хотод оршин сууж буй харшилтай хүмүүсийн 68.3 хувь нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд мэдрэгшсэн байдаг гэнэ. Манай улсад одоогоос гучаад жилийн өмнө ургамлын тоосны харшлын өвчний шалтгаан, тархалт, эмнэл зүйн судалгаа хийж байжээ. Энэ нь одоогоор цорын ганц бөгөөд хамгийн сүүлийн үеийн судалгаанд тооцогдож байгаа аж. Үүнийг шинэчилж, өвчний тархалтыг бүс нутгаар нь тодорхойлох судалгааг биологийн шинжлэх ухааны доктор, профессор Б.Сангидорж, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Харшлын лаборатори, “Ази, Европын Мон-Экологи төв” НҮТББ-тай хамтран хийж эхэлжээ. Дүн нь хараахан гараагүй байна.
ХАРШЛЫН УЛИРАЛ 4-9 ДҮГЭЭР САР ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛДЭГ
Нүд загатнаж, хамар битүүрч эхэлбэл модлог ургамлаас харшилтай гэсэн үг. Жил бүрийн 4-5 дугаар сард модлог ургамлууд тоосоо гөвж эхэлдэг. Үүнд бургас, хус, сөөгөн хус, лавар навчит улиас, хуурамч таван дохиурт бургас, эрлийз улиас зэрэг харшил үүсгэгч мод, сөөг багтана. Үүнтэй холбоотойгоор модлог ургамлын тоосноос харшилдаг хүмүүс 4-5 дугаар сараас нүд загатнах, улайх, хамар битүүрэх, салст нь шархлах, ханиалгах зэрэг эрүүл мэндийн янз бүрийн асуудалтай тулгардаг. Алим, хар чавга, чангаанз, манго, тоор, лийр, киви, гадил, улаан лооль, лууван, самар идэхээс татгалзах хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөлөө.
Харин зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд үет ургамлын харшил үргэлжилдэг. Үет ургамалд нугын биелэг, саман ерхөг, ахар сорт арвай, соргүй согоовор, үнэгэн сүүл зэрэг багтана. Энэ үед кофе, амтат гуа, цоохор майлз, какао, арвай, хөх тариа, овьёос, шар айраг хориотой.
Хөл газрын ургамлын буюу шарилжийн харшлын тухайд идэвхэждэг үе нь 7-8 дугаар сар. Энэ төрлийн харшил нийслэлийнхний дунд түгээмэл байдаг бөгөөд есдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжилдэг. Нийлмэл цэцэгт бүх төрлийн шарилж, царвант шарилж, монгол шарилж, луулийн овгийн бударгана, тогторгоно, шорнойн төрлийн ургамлууд долдугаар сарын дундаас есдүгээр сарын дунд хүртэл цэцэглэж, тоосоо хүртээдэг. Ургамлаас харшилтай хүмүүс дээрх хугацаанд анхааралтай байж, эрүүл мэндийн шаардлагатай арга хэмжээ авах ёстой аж. Агаар дахь тоосжилтын аюултай үе нь 50 орчим хоног үргэлжилдэг. Тиймээс айраг, саам, зөгийн бал, наран цэцгийн самар, газрын самар, тарвас, амтат гуа, жүрж, улаан чинжүү, гоньд хэрэглэхээс татгалзаарай. Шарилжийн харшилтай хүмүүс уг ургамал тоосоо гөвдөг үе болох өглөөний 05.00-07.00 цагийн хооронд цонхоо нээхгүй байх хэрэгтэй. Энэ үед цонхоо онгойлгосон бол харшлын эм уусан ч өдөржин хамар битүү байх нь. Түүнчлэн шарилжийн төрөл луулийн овгийн ургамлын дохиурын тоосоо гүвэх үзэгдэл 04.00-09.00, 17.00-22.00 цагт эрчимждэг тул энэ үеэр цонхоо онгойлгоход тохиромжгүй.
Харшлын хамгийн оновчтой эмчилгээ нь урьдчилан сэргийлэх гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөлөө. Тодруулбал, харшил сэдрээгүй буюу ургамал тоосоо гөвөхөөс өмнө тохирох эмчилгээг хийлгэх шаардлагатай юм байна. Жишээ нь, шарилжийн харшилтай хүн уг ургамлын тоосжилт эхлэхээс өмнө вакцин эмчилгээнд хамрагдаж болно. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын дунд үе хүртэл ойролцоогоор 45 орчим хоног шарилжны харшлын эсрэг вакцин схемтэйгээр хийдэг. Энэ вакцин өмнө нь тарилга хэлбэртэй байсан бол сүүлийн үеийн эмчилгээний чиг хандлага өөрчлөгдөж хэлэн доор уусгаж уух эм, хамрын цацлага хэлбэрт шилжжээ. Үүнийг гурван жил дараалан хийлгэх нь үр дүнтэй бөгөөд нэг жилийн эмчилгээ нь 75 000 төгрөг гэнэ. Түүнчлэн модлог ургамлын харшилтай бол цусны сийвэн эмчилгээг 2-3 дугаар сард хийлгэх нь зүйтэй. Энэ төрлийн эмчилгээг зөвхөн эмнэлэгт хийлгэх шаардлагатай юм байна. Харин хурц буюу сэдэрсэн үед нь мэргэжлийн эмчид үзүүлж, шинж тэмдгийн эмчилгээ хийлгэх нь зүйтэй аж. Ийм маягаар харшлын төрлөөс хамааран эмчилгээ нь өөр байдаг аж. Тиймээс харшлын эм, нүд, хамрын дусаалгыг дур мэдэн хэрэглэхгүй байх, эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ямар шинж тэмдэг илрэх вэ
Ургамлын тоосны харшлын үед амьсгалын дээд замын буюу хамар битүүрэх, шингэн нус гоожих, найтаах, хамар, чих, хоолой тагнай загатнах, нүд загатнах, нулимс гоожих, нүдний салст хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрсэн тохиолдолд амьсгал бачуурах шинж илэрч болно.
Яаж оношлох вэ
Мэргэжлийн эмч нарын зөвлөснөөр нарийвчлан асуумж авч байж оношийг тодруулна. Мөн арьс хатгах болон бигнэх сорил тавих замаар харшлыг илрүүлэх аж. Үүнээс гадна цусны дэлгэрэнгүй шинжилгээ, иммуноглобулин Е тодорхойлох зэргээр харшлыг оношлох боломжтой. Ийнхүү оношлуулахын тулд иргэд заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай аж.