Байраа түрээслэх замаар орлого олж байгаа төрийн байгууллагуудыг Засгийн газраас энэ сарын 24-нд зарласан. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал байраа түрээсэлдэг байгууллагуудын талаарх мэдээллийг shilen. gov.mn цахим хуудсанд байршуулсныг мэдэгдсэн юм. Дээрх цахим хуудсанд оруулсан мэдээллийг шүүхэд байраа түрээслэгч байгууллагуудын дотор улсын хэд хэдэн эмнэлэг байгаа нь анхаарал татав. Иргэдийн өвчлөл их, эмнэлгүүдийн хүрэлцээ муу, ханиад, томууны үед хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлдэг. Гэтэл улсын эмнэлгүүд зай талбайгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд түрээслэн мөнгө олж байна. Тэдгээрийн дотор 49 түрээслэгчтэй Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) толгой цохиж буй. Мөн монголчууд хавдарт “дарлуулж”, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнх нь хүчин чадал хүрэлцэхгүй, иргэд тус эмнэлэгт хандахын тулд хэдэн сараар дугаарладаг. Гэтэл ХСҮТ 17 түрээслэгчтэй гэж дээрх цахим хуудсанд тэмдэглэсэн байх юм. Тиймээс уг хоёр эмнэлгийн байранд ямар газрууд түрээсээр үйл ажиллагаа эрхэлдгийг сурвалжиллаа.
ХСҮТ-ийн амбулаторид очиход хөл хөдөлгөөн бага, харьцангуй сийрэг байв. Үүднийх нь хэсэгт хувийн хэвшлийн “Мед портал” эмнэлгийн танилцуулах самбар харагдлаа. “Хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг” гэж бичжээ. Хажуугийн буланд нь ХСҮТ-ийн бүх давхрын байршлын хаяг, танилцуулга харагдсан. “Мед портал” эмнэлэг нь ХСҮТ-ийн байрны хоёрдугаар давхрын зүүн жигүүрийг түрээслэн, үйл ажиллагаа эрхэлдэг аж. Эмнэлгээр ороход 10 гаруй иргэн ЭХО, дүрс оношилгоо, зүрх, эмэгтэйчүүд, элэг цөс, нойр булчирхай гэсэн хаяг бүхий өрөөнүүдийн үүдэнд сууж байв. Угтах үйлчилгээний хоёр ажилтан иргэдэд мэдээлэл өгч байлаа. Тэнд байсан хоёр бүсгүй “Бусад газарт хандсан ч цаг олдохгүй, дараалал ихтэй болохоор танай эмнэлэгт ирлээ” гэх нь сонсогдсон. Уг эмнэлэг нь МRI, компьютерт томограф зэрэг өртөг өндөр, байнгын эрэлттэй үзлэг, шинжилгээ хийдгийг танилцуулгаас нь олж харлаа. Эмнэлгийн захиралтай утсаар холбогдон түрээсийн талаар мэдээлэл авахыг хүсэхэд хариу өгсөнгүй.
ХСҮТ-ийн нэгдүгээр давхрын хойд өргөтгөлд “Мөнхийн тун” эмийн сан байрладаг нь бас л нэг түрээслэгч. Эднийх тус эмнэлэгт дөрвөн жил үйл ажиллагаа явуулжээ. Өмнө нь ХСҮТ-д “Монос”-ын эмийн сан ажиллаж байгаад больсон гэнэ. Харин одоо бол “Мөнхийн тун” ганцаараа ажилладаг бөгөөд ачаалал ихтэй байдгийг ажилтан нь хэлсэн. Мөн нэгдүгээр давхарт CU дэлгүүр болон хоолны газар байдаг аж. “Алимдарь”, “Энхүүд” зэрэг компани ХСҮТ-ийн талбайгаас түрээслэн үйл ажиллагаа явуулдаг гэсэн мэдээлэл shilen.gov.mn цахим хуудаснаас авсны дагуу ажилтнуудаас нь сураглахад “Өмнө нь кофе шоп ажиллуулж байгаад одоо гарсан. Оронд нь үзлэгийн кабинет ажиллаж байгаа” гэлээ. Түүнчлэн “Онкоген” компанийнхан ХСҮТ-өөс талбай түрээсэлж, лаборатори ажиллуулдаг гэсэн мэдээлэл зарим ажилтнаас авсны дагуу байрладаг хэсэгт нь очлоо. Лаборатори нь талбай жижиг хоёр өрөөнд үйл ажиллагаа явуулдаг аж. Хэд хэдэн хүн шинжилгээ өгч байв.
ХСҮТ-ийн холбогдох албаныхантай уулзаж, түрээсийн үйлчилгээтэй холбоотой зарим зүйл тодруулах гэсэн ч дарга нь гадаадад яваа гэдэг шалтгаанаар тайлбар өгөх хүн олдсонгүй. “Бид энэ талаар мэдэхгүй. Удирдлагуудаас тодруулах нь зөв байх. Манай дарга нарын олонх нь гадаад руу сургалтад явсан. Ирэх долоо хоногт ирнэ” гэв.
Хамгийн том түрээслэгч эмнэлгээр “тодроод” буй УНТЭ-т мөн очлоо. Эрчимт эмчилгээний тасгийнх нь өөдөөс харсан хэсэгт CU дэлгүүр байрладаг бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Үүдний хэсэг дэх“Ану тулга” эмийн сан мөн л саяхнаас ажиллаж байгаа гэнэ. Эмнэлгийн байрны А блок хэсэгт “Мөнхийн тун” эмийн сан, хүнсний дэлгүүрийнхэн иргэдэд үйлчилж байв. Эмнэлгийн зүүн өргөтгөлд “Гоо-Анирс” эмийн сан байдаг аж. Угтах хэсэгт нь кофе шоп байлаа. Мөн А блокийн хоёрдугаар давхрын нэлээд томоохон талбайтай зааланд “Үлэмж” зоогийн газар байдаг бөгөөд эмч, ажилчид, бусад хүнд эмчилгээний нэрийн хоолоор үйлчилдгээ хэлэв. Түрээсийн газар хэр олон байдгийг УНТЭ-ийн ажилтнуудаас тодруулахад “Манайд хувийн тодотголтой эмнэлэг байхгүй” гэлээ. Үнэхээр ч ХСҮТ шиг дотроо хувийн эмнэлэг ажиллуулдаггүй аж. Харин эмийн сан, зоогийн газар, кофе шоп зэрэг үйлчилгээний газар цөөнгүй байрладаг юм байна.