Сүхбаатар дүүргийн V хорооны өрхийн эмнэлэгт очлоо. Эмчид хандав.
-Эрт илрүүлгийн үзлэгт илгээж өгөөч, эмч ээ.
-Энэ оныг дуустал нэр биччихсэн. Та багтаагүй бол дараа жил үзүүлэх нь дээ.
-Юу гэсэн үг вэ, эмч ээ. Ирэх сар хүртэл л үзнэ гэж ойлгосон шүүдээ. Ингэж байгаад хоцорчихвол яана аа.
-Он дуустал лав үзнэ. 2023 онд үзүүлэх хүмүүсийн нэрийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ) рүү явуулсан. Та юу ч гэсэн тэнд очиж асуух юм уу?
-Би өнгөрсөн жилийн зургадугаар сард ирж, захиалга өгсөн. Тэгэхэд 2022 оны арав, эсвэл арваннэгдүгээр сард утсаар дуудна гэсэн. Гэтэл хэн ч яриагүй. Тэгэхээр нь танай эмнэлэг рүү ярьж, яагаад дуудахгүй байгааг асуухад “Өөрсдөө ирж урилга авч байгаа, хүрч ир” гэсэн. Иртэл эмч ажлаас гарсан байсан. Ингэж явсаар өнөөдөртэй золголоо. Би эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй нь ээдээ.
-Та очоод асуучих. Тэнд үзлэгийн нэг өдрийг лав танасан гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр хүн олон л байх болов уу.
Өрхийн эмнэлэгт ийм яриа болсон юм. Нэгэнт нэр очоогүй болохоор УНТЭ-ийн Эрт илрүүлгийн тасагт хүлээж авахгүй нь ойлгомжтой гэж үзээд ЭМЯ-нд хандав. Тус яамны Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуятай холбогдлоо. Түүний хэлснээс үзэхэд улс орон даяар явуулж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо нь тавдугаар сард дуусахгүй юм байна. Бас энэ оны сүүлчийн өдрөөр тасалбар болгон хаалга барьчихгүй аж. Цаашид үргэлжилсээр байх бөгөөд 2024, 2025, 2026 онд ч явуулах гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн буюу урьдчилан сэргийлэх зорилготой энэ үзлэгийг өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс эрчимжүүлсэн л болохоос биш, өмнө нь явуулж л байсан ажил, арга хэмжээ ажээ. Бүр 2016 оноос эхлүүлсэн юм байна. Эхний жилүүдэд дунджаар 90 гаруй мянган хүн хамрагдаж байж. Харин 2021 онд 151 мянга болж өссөн нь хангалтгүй байсан учраас түрүү жилийн тавдугаар сарын 1-нээс сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлснээр олон нийтэд цоо шинэ ажил мэт ойлгогджээ.
Эрт илрүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага нь иргэдийг олноор хамруулах, улмаар өвчтэй нь илэрвэл шуурхай эмчлүүлж, эрүүл болох ач холбогдолтой гэж үзсэн, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн ажил. Дээр хэлсэнчлэн 2022 оны тавдугаар сарын 1-нээс хүчтэй сурталчилж эхэлснээр жилийн хугацаанд 977 мянган хүн уг шинжилгээ, оношлогоонд хамрдагдсан нь тун сайн үзүүлэлт аж. Олон хүн оношлуулсны хэрээр өвчтэй хүн нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихсээд байгаа ажээ.
Өдгөө орон даяар 70, харин нийслэлд 40 орчим цэгт уг шинжилгээг хийж буй бөгөөд нэгж бүрт хөл гишгэх зайгүй их хүнтэй байгаа нь үнэн аж. Энэ нь нэг талаар иргэдийн дунд уг үзлэгийг тавдугаар сарын 1-нээр тасалбар болгоно гэсэн ташаа мэдээлэл, ойлголт байгаатай нь ч холбоотой бололтой. Тэгэхээр дахин нуршихад, уг үзлэгт дуусах хугацаа гэж байхгүй, улсын зүгээс байнга явуулж байх тогтмол үйл ажиллагаа бөгөөд төрөөс иргэддээ нас, насны ангиллаас хамаарч 60-150 мянган төгрөг зарцуулж буй эрүүл мэндийн дэмжлэг юм байна. Тиймээс өнөө, маргааш дуусчихна гэж сандралгүй, тааваараа үзүүлж, оношлуулж болох нь.
УНТЭ-ийн эрт илрүүлгийн нэгжийнхэн үзлэгийн өдрөө нэгээр танасан нь ходоодны дурангийн үзлэгийг хийх хүч хүрэхээ байсантай холбоотой гэнэ. Дуранг ариутгахад хугацаа хэрэгтэй тул ийнхүү үзлэгийн өдрөө нэгээр цөөлсөн аж.
Бас нэгэн асуудал буй. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг эрүүл хүмүүст чиглүүлсэн, зориулсан атал онош нь хэдийн тодорсон, өөрөөр хэлбэл, ямар нэгэн өвчтэй хүмүүс уг үзлэгт давхар, дахин орж байгаагаас бас ачаалал үүсэж буй гэнэ. Үүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохилтой талаар хэн нэгэн одоогоор хариу олоогүй бололтой.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд иргэдийг хамруулснаар амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид мөн амьдралын чанарт ноцтой өөрчлөлт гаргаж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтойг ЭМЯ-наас гаргасан мэдээлэлд дурдсан.
Уг шинжилгээгээр тухайлбал, зүрх, судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, лабораторийн шинжилгээгээр биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил, багажийн шинжилгээгээр зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөө авсаар байгаа аж.
Иргэд 0-5, 6-17, 18-30, 31-45, 46-60, 61-ээс дээш гэсэн зургаан насны бүлгийн багцын дагуу үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдаж байна. Насанд хүрэгчдийн хувьд дөрвөн насны багцаар 11-17 төрлийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд орж буй аж.
Сэдэв хөндсөнийх хэлэхгүй байж боломгүй зүйл бас бий. Эрт илрүүлгийг ор нэрийн төдий хийж байна гэсэн яриа дуулдах болов. Лав Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооныхон гомдолтой байсан. Тэндхийн эрт илрүүлгийн нэгж нь шинэ төрөх эмнэлгийн байранд байдаг бөгөөд ходоодны дурангийн шинжилгээ хийхгүй байгаа юм билээ. Дуран ажиллахгүй гэсэн хэрнээ хэзээ ажилладаг болох, иргэдийг дахин хэзээ урих тухайд юу ч хэлдэггүй, асуухаар тоймтой хариу өгдөггүй хэмээж байлаа. Баянгол дүүргийн III хорооны иргэн ээж, охин хоёр эрт илрүүлгийн шинжилгээ өгөх үед өндөр настай ээж нь өтгөнд далд цус илрүүлэх хэмээх шинжилгээг чанартай өгөөгүй тухайгаа ярьсан юм. Өтгөнөөс тасалж шилэнд хийх ёстой бөгөөд гэртээ гүйцэтгэх энэ даалгаврыг эмээ хийж чадаагүй гэнэ. Учир нь тухайн үед настны гэдэс гүйлгээд байсан тул зохих хэмжээний өтгөн шинжилгээнд өгч хийж чадаагүй аж. Энэ тухай зээ охин нь шинжилгээ авдаг хүмүүст хэлэхэд “Зарим хүн ингээд байдаг юм аа” гэжээ. Ингэснээр эмээ тэр шинжилгээг өгч чадаагүй. Нэгжийн зүгээс юу гэж тэмдэглэсэн бол. Юутай ч эмээг дахиж ирээрэй, нөхөж өгөөрэй гэсэнгүй.
ЭМЯ-ны зүгээс урьдчилан сэргийлэх уг үзлэгийг хаана чанарын ямар үзүүлэлттэй явуулж буйг тандаж, алдаа байвал засаж залруулах ажил хийж байна уу, үгүй юү. Эрчимжүүлэх ажлыг жилийн өмнө сүр дуулиантайгаар, эгээ л цоо шинэ ажил эхлүүлсэн мэт зарласантайгаа адил ажлын явцыг хянаж, үр дүнг нь харж, шаардлагатай бол хариуцлага тооцож чадаж байна уу. Эсвэл зөнгөөр нь орхичихсон уу.