Сэтгэл зүйн асуудлууд бидний эргэн тойронд, хаа сайгүй бий. Ганцаардсан, сэтгэл гутралд орсон зэрэг хямралд өртсөн үед ярилцах хүн байхгүйгээс, эсвэл ярилцахаас санаа зовдог нь түгээмэл. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь хүндэрсэн өвчтөнд л анхаарахаас биш, бүх хүнд хүрч ажиллаж чаддаггүй билээ. Түүнчлэн сэтгэл зүйчтэй ганцаарчлан уулзахад багагүй төлбөртэй учраас хүн бүр хандах боломжгүй. Тиймээс иргэд цахим орчноос ам дамжсан ташаа мэдээлэл, мэргэжлийн бус хүнээс зөвлөгөө авах нь түгээмэл байна. Гэтэл эл үйлдэл нь тухайн хүний сэтгэл зүйн эмгэг, асуудлыг улам дордуулах сөрөг нөлөөтэй.
Тэгвэл зөвлөгөө шаардлагатай иргэдэд зориулсан, нэрээ нууцлаад, мэдрэмжээ хуваалцах орон зайг бий болгосон “Blindcare” аппликэйшн байдгийг энэ удаа иргэдэд зөвлөе. Тус аппликэйшнээс нийслэл, орон нутаг, алслагдмал бүс, гадаадад амьдардаг гээд хэн ч цахимаар зөвлөгөө авах боломжтой. “Блайндкэйр” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Батжаргалаас уг аппликэйшний талаар тодруулахад “Бид аппликэйшнээ 2022 оны нэгдүгээр сард хэрэглээнд нэвтрүүлсэн. Түүнээс хойш 70 000 хэрэглэгчтэй боллоо. Үүнээс 40 000 гаруй нь зөвлөгөө авсан байна. Мөн хэрэглэгчид 100 000 гаруй удаа сэтгэл зүйн тест бөглөжээ. Гадаад, дотоодын их, дээд сургууль төгссөн 100 гаруй мэргэжлийн сэтгэл судлаач бидэнтэй хамтран ажилладаг. Иргэд сэтгэл гутрал, хайр дурлал, ганцаардал, хосын харилцаа, ажлын байран дахь удирдлагын дарамт, бэлгийн хүчирхийлэл, бэлгийн цөөнх зэрэг сэдвээр хамгийн их зөвлөгөө авдаг.
Мөн мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгдөг, эсэхийг биднээс их асуудаг юм. Үүсгэн байгуулагч дөрвөн хүний хоёр нь сэтгэл судлаач мэргэжилтэй. “Blindcare”-ийн “Мэргэжилтнүүд” цэсээс сэтгэл судлаачдын мэдээлэлтэй танилцаж, бусдад өгсөн зөвлөгөөг нь харах боломжтой. Энэхүү аппликэйшний гол зорилго нь сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай ч санхүүгийн чадамжгүйгээсээ болж тусламж авч чадахгүй байгаа хүмүүст үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжийг нээж өгсөн. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, аппликэйшнийг ашигладаг бусад хэрэглэгчийн хандив тусламж юм. Цаашид ч бусад байгууллага нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд бидэнтэй хамтран ажиллах боломж нээлттэй. Одоогоор хэрэглэгчид үнэгүй болон төлбөртэй гэсэн хоёр төрлийн 32 тестээс сонгож, өөрийгөө тодорхойлох, сэтгэл зүйн эрүүл мэндээ тогтмол хянах, тестийн дүнд тулгуурлан өөрт зориулсан тусгай сургалт, хөтөлбөрт хамрагдаж болно. Сэтгэл судлаачтай нэг цаг ганцаарчлан ярилцахад төлбөр нь 50 000-200 000 төгрөг” гэлээ.
Бид өдөр тутамдаа эерэг, сөрөг янз бүрийн мэдрэмжтэй нүүр тулдаг. Эерэг мэдрэмжийг өөртөө шингээж, сөргийг нь заавал гадагшлуулах ёстойг сэтгэлзүйчид зөвлөв. Мөн нэрээ нууцлаад, мэдрэмжээ хуваалцахыг хүссэн хүн бүрт “Blindcarе” аппликэйшн нээлттэй гэдгийг хэллээ. Та дурын и-мэйл хаягаараа бүртгүүлж, нэр болон хувийн бусад мэдээллээ нууцлах боломжтой бөгөөд бусдын бичсэн сэтгэгдлийг унших, хариу бичих, мэргэжлийн сэтгэлзүйчдийн зөвлөгөөг үнэ төлбөргүй үзэж болох аж.