УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас мэдээлэл сонсжээ. Улмаар хүнсний хувьсгалын хүрээн дэх зээл, төслүүдийг эрчимжүүлэх, ноолуурын ханшийг буулгахгүй тогтвортой байлгах чиглэлд тодорхой арга хэмжээ авах, гурилын үнэ, үр тарианы үйлдвэрлэлийг дэмжин ажиллах шаардлагатайг сайд Х.Болорчулуунд анхааруулж, Засгийн газарт чиглэл өгөв.
Мөн Засгийн газраас цалингийн тогтолцоог боловсронгуй болгох талаар танилцуулжээ. Төрийн албан хаагчдын цалингийн ялгаа, зөрүүг арилгах, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх шаардлагатайг гишүүд хэлж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд хэд хэдэн чиглэл өгсөн аж. Энэ тухайд олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн онд цалинг ялгавартай тогтоосон. Орон нутгийн түвшинд босоо тогтолцоотой ажилладаг учраас цалинг нь арай бага нэмсэн байх жишээтэй. Мөн салбар хооронд цалингийн зөрүү бий. Үүнийг арилгах шаардлагатай болчихоод байгаа юм. Түүнчлэн төрийн улс төрийн албаны бага тушаалтай хүмүүсийнх, соёлын салбарынхан, нийтлэг үйлчилгээнийхний цалинг өсгөх шаардлага үүссэн. Эдгээрийг нэгтгэн, цогц байдлаар шийдвэрлэхийн сацуу хөрөнгийн эх үүсвэрийг нь хаанаас гаргаж болох талаар Засгийн газар тооцоо хийж, танилцуулах ёстой. Цалингаас гадна тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, эсэх талаарх саналаа ч оруулж ирэхийг даалгасан” гэв.
Үүнээс гадна Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өгөхдөө “ОХУ-ын хуульд үндэслэж баталсан одоогийн хууль иргэдэд ойлгомжгүй байдаг тул шинэчлэх шаардлагатай. Мөн төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээврийн үйл ажиллагаа явуулж байгаа компани тус тусдаа байхаар заасан. Ингэснээр “Улаанбаатар төмөр зам” ХНН тээвэрлэгч буюу суурь эзэмшигч гэсэн хоёр компани болж өөрчлөгдөнө. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, нээлттэй байх, зах зээлд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд ач холбогдолтой. Үүнээс гадна төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын уялдааг сайжруулах ёстой. Тиймээс салбарын яамны дэргэд Төмөр замын агентлаг байгуулахаар тусгасан. Мөн төмөр замын тээврийн үнийг зохицуулах заалтууд бий. Тухайлбал, үнэ тогтоох аргачлалыг холбогдох аж ахуйн нэгж нь гаргана. Харин тэдний тогтоосон үнэ бодитой юу гэдгийг төрийн захиргааны байгууллага хянаж, салбарын сайд нь батлах юм. Иймд төрийн захиргааны байгууллагын дэргэд судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэгтэй орон тооны бус Үнийн зөвлөл байгуулна” хэмээв.
Ташрамд дурдахад, АН-ынхан орон нутагт ажиллаж буй тул хуралдсангүй.
Бэлтгэсэн: Б.Уран