Манай орон өргөн уудам газар нутагтай, жилийн дөрвөн улиралтай, түүндээ зохицсон бэлчээрийн таван хошуу малтай. Мөн хүн ард нь амьдралын өвөрмөц хэв загвартай орон юм. Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хур чийг бага унадаг, түүнд нь өвс ургамал дасан зохицож ургадаг онцлогтой. Монгол мал олон төрөл зүйлийн ургамал идэж, задгай бэлчээрлэдэг. Түүнд нь 80-90 төрөл зүйлийн эмийн ургамал хамрагддаг гэсэн судалгаа бий. Үүнээс үзэхэд эмийн ургамал нь эмчилгээний төдийгүй эм үйлдвэрлэлийн чухал түүхий эд, малын тэжээлийн үнэт бүрэлдэхүүн болдог аж. Манай оронд 800 гаруй төрөл зүйлийн эмийн ургамал ургадаг тухай судлаачдын тооцоо бий. Эрүүл мэндийн өндөр өртөгтэй, тал бүрийн ашигтай, байгалийн энэхүү нандин эрдэнэсийг зохистой хэрэглэх дадал хэвшил монгол хүн бүрт төлөвшүүлж, хойч үедээ өвлүүлж үлдээх нь бидний үүрэг.
Дэлхий дахинд өдгөө эмчилгээнд хэрэглэж байгаа бүх эмийн 60 гаруй хувь нь эмийн ургамлаас үүдэлтэйд тооцогдож байна. Эмийн ургамлын хэрэгцээ шаардлага ч улам бүр өсөн нэмэгдэж, химийн гаралтай эм хэрэглэх, үйлдвэрлэхэд улс орнууд алсын бодолтой, няхуур ханддаг нь анзаарагдах болсон. Өөрийн орны зэрлэг байгалиас эмчилгээний ач холбогдол бүхий ургамал олж илрүүлэх, судалж шинжлэх, эмчилгээнд нэвтрүүлэхэд олон улс анхаарч байна. Мөн эмийн ургамлыг зохистой бодлогоор бэлтгэх, хэрэглэхэд илүүтэй анхаарч, үүнийг хуулиар зохицуулах боллоо. Харин манай орны хувьд эмийн ургамлыг зөв зохистой ашиглах, хяналт тавих асуудлыг БОАЖЯ, ЭМЯ дундаа хийдүүлдэг. Эдгээр байгууллагынхан үүргээ умартаж, хайхраагүйгээс вансэнбэрүү, хусны чага мөөг, дэрвэгэр жиргэрүү, аргамжин цэцэг, чийрийн давирхай, тулгат цэцэг зэрэг эмийн ургамал, барагшун, торомхоны зос зэрэг байгалийн дагалт баялаг бүтэлгүй хүмүүсийн гараар орж, үндсэндээ устаж сөнөхөд ойрхон ирлээ. Алтан гагнуур, монгол хотир, их таван салаа, монгол хунчир болон бусад ургамал ч дээрхийн адил эмгэнэлд өртөж болзошгүйд хүрсэн. Үндсэндээ эдгээрийг эмчилгээний хэрэгцээ хангах хэмжээнд бэлтгэхэд хүндрэлтэй болж, нөөцийн хомсдолд ороод байна.
Эмийн ургамал бол бүх ард түмний өмч, хосгүй нандин эрдэнэ гэж хэзээнээс нааш уламжлагдаж, хүндлэгдэж ирсэн нь чухам үнэн юм. Үүнийг бэлтгэх ажил тодорхой мэргэжлийн байгууллагын үүрэг болж, эмийн сангууд, эм үйлдвэрлэгч компаниудыг хангах зарим ургамлыг төвлөрсөн журмаар тарималжуулж, зохион байгуулалтад оруулах аргад улс орнууд шилжих боллоо. Гэтэл манай орны одоогийн жишээнээс харахад, барааны зах, автобусны буудал, олон хөлийн газруудын мухлаг, лангуунаас, иргэдийн гар дээрээс гарал үүсэл нь тодорхойгүй, лабораторийн баталгаагүй эмийн ургамал чөлөөтэй худалдаж байна. Улмаар зальжин зарим хүний ашиг орлогыг нэмэгдүүлэх гол бараа нь эмийн ургамал болж, байгаль сүйтгэгдэж буйд ард түмэн шүүмжлэлтэй хандах болсон. Гэтэл бусад оронд гудамж, талбайд эмийн ургамал зарах нь битгий хэл, лабораторийн шинжилгээгүй жимс гар дээрээс авдаг нь аль хэдийн үеэ өнгөрөөжээ.
Дотор нь агуулагдаж буй биологийн идэвхт бодисуудад химийн болон клиникийн судалгаа бүрэн хийж, тухайлсан эмчилгээний чиглэлийг нотолж, хэрэглэх тун хэмжээ нь нарийн шалгуураар баталгаажсан үед эмийн ургамлыг эмчилгээнд ашиглахыг зөвшөөрнө. Энэ ажлыг эрдэмтэн, судлаачдын хэмжээнд, лабораторийн нарийн багаж төхөөрөмжийн оролцоотой, зохих аргачлалын дагуу хийх ёстой. Уг ажил нь цаг хугацаа, мэргэжлийн потенциал, туршлага шаардсан, төвөг бэрхшээл дагуулсан, амаргүй хөдөлмөр юм. Ийнхүү бүрэн судлагдсан эмийн ургамлуудыг улс орон бүр үндэсний фармакопейд эмтэй адилтган бүртгэж, эмчилгээнд нэвтрүүлж, эрүүл мэндийн болон эмийн сангийн бараанд тооцдог нь дэлхий нийтийн жишиг.
Харамсалтай нь, манай орны хувьд завсрын хяналт шалгалт цалгардсан энэ үеийг зарим хүн овжин ашиглан, овсгоо гаргах болов. Тэд орон нутгаас эмийн ургамал бусдаар бэлтгүүлэн авч, дамлан борлуулж, их мэдэгчийн дүр эсгэн, ашиг орлого олох явуургүй бодлого өвөртөлж сууна. Гэтэл бодит байдалд судлагдаагүй ургамал танаас авсан хүний аль эрхтэнд, ямар урхаг үзүүлэхийг хэлж сануулах боломжгүй юм. Ийм учраас ойр зуурын мэдлэгтэй хэн нэгэн эмийн ургамал дур мэдэн бэлтгэж борлуулах, түүнийг нь иргэд ууж хэрэглэх нь санаанд багтахгүй эрсдэл дагуулж болзошгүй. Нөгөө талаар байгальд тун ч халгаатай алхам гэдгийг ухамсарлаж ойлгох шаардлагатай.
Эмийн ургамал бэлтгэхийн тулд наад зах нь ургах үе шат, биологийн идэвхт бодисууд хэдийд хамгийн их хуримтлагддагийг мэдсэн байх хэрэгтэй. Тэгтэл өдгөө бэлтгэж буй нийтлэг жишээг харахад бодмоор зүйл их байх шиг санагддагийг нуух юун. Жишээ нь, нэг болон олон наст ургамлын үндсийг адил цаг үед түүж бэлтгэж байх шиг. Мөн угаахгүй үндсийг угаах, гол үндсийг бэлтгэхдээ салбар үндсийг гэмтээх, ухсан нүхээ шороогоор булахгүй орхиж байна. Үндэс бэлтгэх үедээ ургалт зогссон, эсэхийг анзаардаггүй зэрэг зөрчил нь тухайн ургамлын цаашдын хувь тавиланг бүрхэгдүүлж байгаа юм. Түүнчлэн бүгдийг нэг дор гэсэн ойлголтоор хандаж, ишийг нь бүрэн мөлжиж цөлмөдөг. Навч ургамалд ямар үүрэгтэйг бага мэддэг. Тиймээс түүнийг хэрхэн түүвэл дараа жил дахин ургац авахаа мэддэггүй. Цэцгийг үржлийн эрхтэн гэдгийг мэддэг. Тэгсэн хэрнээ орчиндоо тархаж ургах бололцоог нь үл тоомсорлож, үндсэндээ дараа жилийн ургацад санаа зовдоггүй. Өмнөх жил нь буруу бэлтгэснээс дараа нь ургаагүй бол бурууг нь байгальд тохдог. Жимсийг боловсорч гүйцээгүй үед юм уу, эсвэл оройтуулж бэлтгэн, хальсыг нь гэмтээж, хорогдол гаргадаг. Түүнчлэн иштэй нь түүж, түүсэн хойноо ишийг нь таслах нь бий. Мод холтсоо хөндийрүүлдэг хугацааг мэддэггүй учир дуртай үедээ хүчээр хуулж, улмаар үхлийн шарх бий болгож, гэмтээдэг. Модноос нэг удаад хэдий хэмжээний холтос бэлтгэвэл аюулгүйг анхаардаггүй. Амьтнаар бол амьдаар нь арьсыг хуулж байгаатай адилтгадаггүй зэрэг олон зөрчил харагддаг.
Ургамлын эд, эрхтэн бүрийг бэлтгэхэд анхаарах онцлогийг цухас дурдахад ийм байна. Эдгээрийг үл ойшоовол дараа жилийн эмийн түүхий эд бэлтгэхэд хүндрэл учирна. Энэ бол өнөө жил арвин ургамал бэлтгэж ашиг олбол цаашид хамаагүй гэдэг явцуу бодолтой, эх дэлхийгээ хайрлах сэтгэлгүй хүнд тун ч зохимжгүй бөгөөд зөвхөн мэргэжлийн хүний эрхлэх ажил. Зарим эмийн ургамлыг зүсэлж таних төдийгөөр өөрийгөө мэдлэгтэй гэж биеэ тоох харалган хэрэг. Өдөр тутамд хэдхэн төгрөг олж, амьдралаа залгуулахын тулд эмийн ургамал түүж, борлуулж байгаа нь мэдээж. Түүнээс биш эмийн ургамал түүж борлуулаад хөлжиж баяжих нь юу л бол. Тун ховор тохиолдол байхыг үгүйсгэхгүй.
Эм, эмийн ургамлын хооронд зарчмын ялгаа бага, эмчилгээнд хэрэглэх нийтлэг зориулалттай. Нөгөө талаар эм гаргаж авах эх уурхай учраас эмийн ургамлыг хайрлан хамгаалах шаардлага аль ч улс оронд чухалд тооцогддог онцлогтой. Манай улсын хувьд ч бусад оронтой адил. Нэн ялангуяа судлагдаагүй ургамлыг түүж шууд хэрэглэх нь асар их эрсдэл дагуулж мэдэх юм. Жишээ нь, нэг ургамал хүний аль нэг өвчнийг анагаахад тохирч болно. Гэтэл бусад эрхтэнд нь урхаг үлдээж болзошгүй. Жишээ нь, бидний сайн мэдэх долоогоно жимсийг өвчин нь үгдэрч хүндэрсэн өвчтөнд, эмийн бамбайн үндсийг цөсний чулуутай хүнд, ягаан цээнийн үндсийг хүүхдэд, их таван салааг ходоодны чөлөөт хүчил ихэдсэн үед хэрэглэх нь хориотой. Хоолны саримсыг бөөрний дутагдалд орсон өвчтөнд, алтан хундага өвсийг кали дутагдаж, шөрмөс татсан үед, алтан гагнуурын үндсийг цусны даралт өндөр үед хэрэглэж болохгүй. Мөн нэлээд хэдэн эмийн ургамлыг жирэмсэн үедээ хэрэглэх хориотой. Энэ мэт жишээ олон бий.
Эмийн ургамлыг гэрийн нөхцөлд зөвхөн усанд буцалгаж ууж хэрэглэдэг гэх түгээмэл ойлголт хүн ардын дунд амь бөхтэй байж ирсэн. Гэтэл өвчний байдал, ургамлын эрхтний онцлог, тун хэмжээ, дотор нь агуулагдсан биологийн идэвхт бодисын шинж чанараас шалтгаалан бэлтгэж уух арга технологи нь өөр өөр байдгийг анхаарах нь зүйтэй. Жишээ нь, эмийн ургамлыг идээшмэл, чанамал, ширгээдсээр бэлтгэж хэрэглэх бололцоо бий. Ургамалд агуулагдсан биологийн идэвхт үйлчилгээт бодисууд ихэнхдээ дулаанд тэсвэргүй. Тиймээс буцалгаж чанах үед задарч, үйлчилгээ нь сулардаг тухай сүүлийн үед мэргэжлийн түвшинд ярьж эхэлсэн нь сайшаалтай. Тиймээс буцалгаж хэрэглэхээс зайлсхийх өнгө аяс ажиглагдах болсон. Эмийн ургамлыг шинж чанарт нь тохируулж, тодорхой хэмжээгээр нунтаглаж, буцалсан халуун усанд тохирсон хугацаагаар идээшүүлэх байдлаар бэлтгэж хэрэглэх нь эмчилгээнд илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Түүнчлэн тухайн ургамлыг хэрэглэх үед хориглох, харшлах заалт, уух тун хэмжээ, бусад хоол хүнсний хамаарлыг хүмүүст ойлгуулах нь хамгаас чухал. Ийм мэдлэг, ойлголтгүйгээс худалдсан хүний зөвлөмжөөр эмийн ургамлыг хэрэглээд, ямар нэгэн эрсдэлтэй тулгарвал хэн нь хариуцлага хүлээхийг ч бодолцоход эртдэхгүй. Ургамлын гарал үүсэл, лабораторийн дүгнэлт, зөвшөөрөл, түүж бэлтгэсэн болон худалдан борлуулсан хүний мэргэжил гээд олон асуудал сөхөгдөж мэдэх юм. Судлагдаагүй эмийн ургамлыг чөлөөтэй худалдаж борлуулах явдлаас улс орнууд татгалзаад удсан. Өөрөөр хэлбэл, энэ ажил нь зөвхөн эмийн байгууллагуудын мэргэжлийн хөдөлмөр гэж үзэж болно.
Бид эмийн ургамал зарж борлуулсан хэн нэгнийг буруутгаж, үйл ажиллагааг нь хорьж зогсоох бодлого өвөртлөөгүй. Зөвхөн судлагдаагүй ургамал худалдаж байгаад шүүмжлэлтэй хандаж, гол нь энэ асуудлыг салбарын хяналтын байгууллага, мэргэжилтнүүд, БОАЖЯ анхааралдаа авч, байгальд ээлтэй, зөв голдиролд нь оруулж шийдвэрлээсэй гэж хүсэмжилсэн хэрэг. Зориглож илүү үг нэмэрлэхэд, эдийн засгийн боломжтой, үйл ажиллагаа нь тогтмолжсон, эмийн компаниуд зөвшилцөж, туршилт, судалгаа, үйлдвэрлэлийн лаборатори байгуулж, Захирлуудын зөвлөл үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үр өгөөжийг эм үйлдвэрлэлд нэвтрүүлж болмоор санагдана. Цаашид аж ахуйн тооцооны зарчмаар ажиллах боломжтой гэж бодогдоно. Эх орны эмийн ургамал судлах чиглэлээр олон эмзүйч сүүлийн жилүүдэд эрдмийн цол хэргэм горилж, бусдыгаа хошуучилж байгаа нь сайн хэрэг. Гагцхүү судалгаагаа үйлдвэрлэлд нэвтрүүлэх үр өгөөжийг хүлээж байна. Бодоход илүүдэхгүй байх гэсэн зарим санааг энэхүү өлгөц нийтлэлд хавчуулав.
Р.БААТАР, Ч.МӨНХ-АМГАЛАН
Тэргүүлэх зэрэгтэй эмзүйч, доктор