Мотоциклын хэрэглээ нэмэгдэж байгаагийн хэрээр энэ төрлийн тээврийн хэрэгслийн осол ихэссэнийг цагдаагийн байгууллагаас анхааруулав. Сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклын ослоор 1087 хүн амиа алдаж, 2505 иргэн бэртэж гэмтжээ. Өнгөрсөн жил ийм ослоор 242 хүн гэмтсэн байна. 2023 оны дөрөвдүгээр сард гэхэд мотоциклтой холбоотой зам, тээврийн 18 осол гарсны улмаас зургаан хүн амиа алджээ. Энэ төрлийн ослын улмаас хохирсон хүмүүсийн 75 хувь нь хамгаалах малгай хэрэглэлгүй замын хөдөлгөөнд оролцсон гэнэ. Мөн 65 хувь нь тархиндаа гэмтэл авсны улмаас нас баржээ.
Мотоцикл бол механикжсан тээврийн хэрэгсэл. Тиймээс зөвхөн насанд хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй тохиолдолд ийм хэрэгсэл унахыг зөвшөөрдөг. Мөн хамгаалах малгай өмсөж, хэрэгсэл заавал зүүхийг зөвлөдөг. Гэвч замын хөдөлгөөнд оролцогчид үүнийг баримталдаггүйгээс эрүүл мэнд, амиараа хохирсоор буй юм. Үүнтэй холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас “Мотоцикл ба хамгаалах малгай” нөлөөллийн аян өрнүүлж байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл