“Их-7”-гийн төлөөлөгчид уг бүлгийг даргалж буй Японы нийслэлд саяхан цуглаж, тавдугаар сарын 19-21-нд Хирошима хотод болох дээд түвшний уулзалтын өмнө ОХУ-д экспортолдог барааны ихэнх хэсэгт нь, түүний дотор хуучин машин гаргахад нь хориг тавих асуудлыг ярилцав. Экспортлохоо болих бүтээгдэхүүнд эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнийг ч оруулж болзошгүй аж. Энэ арга хэмжээнд Европын Холбооны гишүүн орнууд ч хамрагдана гэж “Их-7”-гийн төлөөлөгчид үзэж байгаа юм.
Украин дахь нөхцөл байдлаас шалтгаалж Орост тавьж буй хоригийн хүрээнд зургаан сая иенээс (45 мянга орчим ам.доллар) илүү үнэтэй машин ОХУ-д гаргахыг бүрэн зогсоожээ. “Энэ нь мэдээж Японы компаниуд болон бүс нутгийн эдийн засагт нөлөөлнө” гэж “Киодо” агентлаг мэдээлэв. Цаашдаа энэ хоригт машины дугуй, гоо сайхны бараа, хувцсыг ч багтааж болзошгүй гэнэ. Японы нэрээ нууцалсан шинжээч ТАСС-ын сурвалжлагчтай ярилцахдаа 2022 онд Орос руу Японы гаргасан экспортын 41.4 хувийг хуучин машин эзэлж байсан гэж хэлжээ. Тодруулбал, өнгөрсөн онд 205 мянган машин Орос руу гаргасан нь 2021 оныхоос 34 хувиар илүү байжээ.
Оросын эсрэг хэд хэдэн үе шатаар Японы тавьсан хоригт 1000 орчим хүн, 100 байгууллага хамрагдсан байна. Түүнээс гадна Альфа, Новика, Промсвязь, Россия, Сбер, Совком зэрэг олон банкны гүйлгээг царцаажээ. Түүнчлэн 800 нэрийн бараа, технологийг Орост гаргахыг хориглосны дотор хагас дамжуулагч, тэнгисийн, агаарын нислэгийн аюулгүй байдлыг хангах, харилцаа холбооны тоног төхөөрөмж, холбооны хэрэгсэл, цэргийн зэвсэг, нефть боловсруулах багаж, төхөөрөмж, ачих, буулгах болон төмөр замын техник, суурь машин, аж үйлдвэрт ашигладаг цахилгаан тоног төхөөрөмж зэрэг орсон байна. Бас химийн зарим бодис Орост гаргахыг хоригложээ.
“Их-7”-гийн орнууд Оросын нефтийн үнийн таазыг өөрчилсөнгүй. Тэгэхдээ Москваг олон улсын атомын эрчим хүчний зах зээлээс шахахаар тохиролцсон байна. “Их-7”-гийн Гадаад хэргийн сайд нар Украиныг дэмжих үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв. Олон улсын амьдралын өөр олон асуудлыг хөндөж, өмнөд хөршүүд болон Япон, АНУ-тай яриа хэлэлцээ хийхийг Умард Солонгост уриаллаа. Түүнчлэн Тайванийн эргэн тойрны байдлыг хүч хэрэглэх замаар шийдвэрлэх оролдлогоо зогсоохыг Хятадад бас уриалав. Вашингтон, Токио хоёр бүлгийнхээ бусад гишүүнийг Дорно зүгт эргүүлж, Бээжинтэй сөргөлдөхөд чиглүүлж чадна гэдэгт шинжээч, тоймчид эргэлзэнгүй хандсан байна. “Их-7”-г энэ жил даргалж байгаа Япон асуудлыг өөрт ашигтайгаар эргүүлэхийг хичээж байгаа нь эргэлзээгүй. Хамгийн гол нь түншүүдээ Хятадын эсрэг сөргөлдөөнд идэвхтэй оролцуулж, Номхон далай бол алс холын, бусдын бүс нутаг биш, харин хөл дээрээ хэдийн босож, дургүйг нь хүргээд байгаа хамгийн аюултай дайсан Хятадтай Өрнөд геополитикийн тулаан хийх талбар гэдгийг франц, герман, британи, италичуудад нотлон харуулах хэрэгтэй байгаа юм. Америкчуудыг үүнд итгүүлэх гэж оролдох шаардлагагүй. Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргааны гол гишүүд энэ асуудалд ихэд анхаарч буй. Тэд хийх үйлдлийнхээ эрэмбэ дараалалд л, өөрөөр хэлбэл, Бээжинтэй даруйхан халуухан үзэх үү, эсвэл үүнийг хойшлуулаад, эхлээд Оросын асуудлыг шийдэх үү гэдэг дээр л санал зөрөлдөөнтэй байгаа.
Хуучин ертөнцийнхөн Хятадыг Америкийн нүдээр харж, түүнийг гол дайснаа гэж үзэхэд, түүнтэй худалдааны харилцаагаа хумихад, хөрөнгө оруулалтаа багасгахад, Тайваниар далимдуулан түүнтэй зайлшгүй болох мөргөлдөөнд зэхэхэд, бүс нутгийнхаа цэргийн эвслийг “Хятадын луу”-ны эсрэг тавихад бэлэн биш байгааг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны саяхан Бээжинд хийсэн айлчлал харуулсан. Асуудалд ингэж хандахыг хүсэхгүй байгаагаа тэрбээр генерал де Голлийн үеэс баримталж ирсэн Францын уламжлалт дипломат бодлогын өнгө аясаар хэнд ч ойлгогдохоор илэрхийлсэн юм. Хамгийн сонирхолтой нь Европын гол улсууд Макроны үгнээс цэрвэсэнгүй. Тус тивд ийм байр суурь илэрхий болсныг Европын зөвлөлийн дарга Шарль Мишель нотоллоо. Хятадын эсрэг Америк-Японы байр суурийг европчууд зөвшөөрөх, эсэхэд Хирошимад болох дээд хэмжээний уулзалт хариулт өгөх биз. Өнгөц харахад гайхмаар нь Америк-Японы хандлага давамгайлбал Кремльд ашигтай. Өрнөдийн “хамтлаг” Хятадтай тэмцэлдэх тусам Москватай сөргөлдөх хүч, эрчим чадал, нөөц нь багасна. Бээжингийн эсрэг Өрнөдийн нэгдсэн фронт бий болсноор Хятадын удирдагчдыг одоохондоо түдгэлзээд байгаа гэгддэг зэвсэг нийлүүлэх хэмжээнд хүртлээ Москваг дэмжихэд хүргэж болзошгүй юм.
АНУ-ын эрх баригчид Хятадыг тогтоон барих оролдлогоо чангаруулсаар байгаа. АНУ, Британ, Австрали орсон цэрэг, улс төрийн AUKUS эвслийг 2021 онд байгуулж, одоо Япон, Австрали болон бусад улсыг НАТО-д элсэхийг урих талаар Вашингтон бодох боллоо. Энэ нь ердөө Орос, Хятадын холбоог сулруулах цорын ганц зорилготой.
Австрали улс усан доогуурх флотоо шинэчилж, “Collins” завиа энэ онд Америкийн “Virgin¬ia”-гаар солихоор шийдэж байна. Ингэснээр Индонезийн районд санаа зовохгүй байх боломжтой болно гэж үзэж байгаа юм. Ийнхүү Хятадад хэдэн талаас нь, умардаас Япон, зүүнээс Америк, зүүн өмнөөс Австрали цохилт өгөх нөхцөл бий болно. Номхон далайн бүс нутагт Японы хажуугаар Америкийн чухал холбоотон нь болохыг Австрали хүсэж байна. Түүний энэ хүчин зүтгэлийг Америк дэмжиж буй юм. Австрали зэвсэглэлээ сайжруулснаар түнш Америктаа үнэлэгдэх төдийгүй өөрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх давхар ашигтай. Оростой харьцуулбал Хятадтай сөргөлдөх хугацааг ойрхны биш, наад зах нь хагас зуун жил үргэлжилнэ, энэ зууныг бүхэлд нь хамарч ч мэднэ гэж Америк үзэж байгаа. Хятадтай Америк сөргөлдөх үйл явц Украины хямралаас өмнө хүү Бушийг Ерөнхийлөгч байхад эхэлсэн. Энэ чиг шугам Барак Обамагийн үед баталгаажиж, Дональд Трампын засаг захиргаанаас дэмжлэг хүлээсэн. Оросын геополитикийн байдал өөрчлөгдөж бусад олон томоохон тоглогчоос Хятад улс найдвартай ганц түнш нь болоод байна. Ялангуяа цэргийн салбарт эдний хэлхээ холбоо урьдынхаас илүү гүнзгийрч байгаа. Тэгэхдээ AUKUS Орост төдийлөн хамааралгүй.
Австралийн усан доогуур явдаг завинууд Агнуурын тэнгист хүрэх нь юу л бол. Номхон далайн бүсэд Оросын хүчин солонгос, япончуудад байраа тавьж өгч буй. Хүчний харьцааг авч үзвэл Оросын Номхон далайн флот хүн, хүчний хувьд Хятадынхаас олон дахин сул юм. Гэхдээ л Орос, Хятад хамтарсан сургуулилалт, харуул хамгаалалт цаашид хийсээр байх болно. Австраличууд AUKUS-ын хүрээнд идэвхтэй ажиллаж байгааг нь харгалзаж үзвэл Хятад, Австралийн харилцаа “дулаарах” боломж тун бага гэж хэлж болно. Түүх сөхвөл, дэлхийн I дайны өмнө Герман улс Оросын худалдааны томоохон түнш нь байв. Гэлээ ч энэ нь дайн эхлэхэд саад болоогүй. Байдал хурцдаад ирэхээр хүмүүс эдийн засаг гээчийг мартдаг аж. Үүнийг бид сүүлийн нэг жил ажиглаж байна. Оросын байгалийн хий Европын орнуудад асар их ашигтай байсан ч тэд Орост хориг тавихад энэ нь саад болсонгүй. Тэгвэл аль ч улс, түүний дотор Австрали Хятадтай худалдаа хийх нь ашигтай. Гэлээ ч зодоон нэгэнт эхэлсэн бол зодолдохоос яалтай. Гэхдээ хориг, түүний үр дагаврыг Европын Холбоо түр зуурын бэрхшээл гэж үзэж, Украин дахь зөрчил тэмцлийг хэсэг хугацааны дараа дуусна гэж, харин Америк, Хятадын сөргөлдөөнийг удаан үргэлжилнэ хэмээн төсөөлж байгаа юм.
Европчууд болохоор Хятадтай ам мурийхыг огт хүсэхгүй байна. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн орнуудын хувьд Хятад улс дээрээс нь сүүдрээ тусгаж байдаг бол Европын Холбоо ийм аюулыг мэдэрдэггүй. Энэ бүс нутагт байсан колони улсуудаа Европын орнууд бараг алдсан, АНУ-аас хараат байдал нь тэднийг ийм байдалд оруулсан юм. Урьд нь энэ хамаарал улс төрийнх байсан бол одоо эдийн засгийнх болоод буй.
Америкт хууль тогтоогчид нь ч, цэргийнхэн нь ч Орост гойд анхаарал хандуулахгүй байхыг уриалах болж байна. Тухайлбал, Украинд үзүүлэх багц тусламжийн асуудлаар Сенатын нэг гишүүн эсрэг санал өгсөн нь Орост хайртайдаа биш, Хятадтай хүчээ үзэх нь гарцаагүй гэх бодлын үүднээс ийн хандсан байна. Тэгэхдээ “Бид хичнээн хүчирхэг гэдгийг Хятад мэдвэл Тайвань руу довтолж зүрхлэхгүй” гэж америкчууд ярих болжээ. Тайвань нь Хятадтай нэгдэхийг хүсдэггүй, Хятад болохоор түүнийг энхийн замаар өөртөө нэгтгэх хүсэлтэй, иргэний дайн үүгээр дуусна гэж үздэг. Си Зиньпиний хувьд Тайванийн асуудал тийм ч чухал биш, гэхдээ хятад үндэстний удирдагч, Маогоос хойших их жолоодогчийн хувиар үүнээс зайлсхийх учиргүй. АНУ болохоор Тайваньд нийлүүлэх зэвсгийн хэмжээгээ нэмэгдүүлж, эрх баригчдад нь үзүүлэх дарамт шахалтаа чангаруулж байдаг юм. Тайваньчууд болохоор өөрийн батлан хамгаалах хүчин чадлаа бэхжүүлж, Тайвань руу Хятад довтлох нь хөнгөн зугаалга байлгахгүйг хичээдэг.