“Монголд дийлэнхдээ чанаргүй эм борлуулдаг. Үнэ хямдыг нь бодоод эм ханган нийлүүлэх байгууллагууд ийм сонголт хийдэг”, “Манай улсад хуурамч эм их зардаг гэсэн. Тийм болохоор уугаад ч өвчин эдгэрдэггүй”, “Эмийн үнэ хэрээс хэтэрлээ. Мөнгөгүй хүнийг үх гэснээс ялгаа алга” гэх мэт шүүмжлэл манайд тасардаггүй. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Монголд эмийн мафи байна” гэж хэлсэн нь ч бий. Үндсэндээ эм, бэлдмэлийн чанарын хяналт хэдийн алдагдсан тул бие даасан агентлаг байгуулж, хариуцуулах нь зөв гэсэн шийдвэрийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сард гаргаж байв. Улмаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулж, 2021 оны хоёрдугаар сараас тус байгууллага албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Түүнээс хойш хэдийн хоёр жил хоёр сарын хугацаа өнгөрсөн ч эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих чиглэлд ахиц дэвшил, эерэг өөрчлөлт гарсангүй. Сахил хүртээд шал дордов гэгч л болж. Эмийн агентлаг нь ч өнгөрсөн хугацаанд хөлөө олж, чадавхжиж, бэхэжсэнгүй, хоёр жилд гурван даргын нүүр үзэж, өдгөө үүрэг гүйцэтгэгчээр удирдуулж байна.
ТӨСВИЙН ХӨРӨНГИЙГ САЛХИНД ХИЙСГЭГЧ
Засгийн газраас Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулахдаа бүтцийг нь 80 хүний орон тоотой байхаар баталж байв. Харин өдгөө тус агентлагийн орон тоо 132 болж өсжээ. Төсвийг нь тэр хэмжээгээр нэмж хуваарилсан байна. Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасантай холбоотойгоор эмийн хяналтын лабораторийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар луу шилжүүлснээр орон тоо ийнхүү “томорчээ”. Харин өдгөө тэнд 70 хүн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, орон тоо дутуу, хүний нөөцийн хомсдолтой, хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхэд амаргүй байгаа гэж тус газрын эх сурвалж хэлсэн юм. Гэвч үүргээ гүйцэтгэж чадахгүй, гаргасан үр дүнгүй, төсвийн хөрөнгийг үрэн таран хийж суугаа агентлагт 70 хүн ажиллаж буй нь харин ч хэтэрхий олон мэт санагдана. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий, 4-5 хүний бүрэлдэхүүнтэй хэлтэс Эрүүл мэндийн яаманд байсныг нь хэтэрхий данхайлган ийн томруулсныг бид өнгөрсөн онд хөндөж байсан билээ.
Эмийн агентлагийнхан өнгөрсөн онд 4.5 тэрбум төгрөгийн урсгал зардал гаргажээ. Үүнээс 2.3 тэрбум гаруй нь ажилтнуудын цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлд ногдож байна. Түүнчлэн хангамж, бараа материалын зардалд 137.6, бичиг хэрэгт 47.2, томилолт, зочны зардалд 64.9 сая төгрөг гэх мэтээр төсвийн хөрөнгийг урсгажээ. Үүнээс гадна анхаарал татах нэгэн тоо байгаа нь түрээсийн төлбөр юм. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь UBH төвийн найм, 16 дугаар давхарт байрладаг. Тиймээс түрээсэнд өнгөрсөн онд гэхэд 358 сая гаруй төгрөг төлсөн гэнэ. Энэ оны тухайд агентлагийн төсөв нь 3.9 тэрбум төгрөг. Үүнээс түрээсийн төлбөртөө 370 орчим сая төгрөг төсөвлөөд буй аж. Үр дүн гарахгүй бол ийм маягаар төсвийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь салхинд хийсгэж байхаар хэрэггүй агентлагаа татан буулгаж, хэмнэлтийн хуулиа мөрдвөл яасан юм бэ, эрх баригчид аа.
МӨРӨӨДӨЛ БАБОДИТБАЙДАЛ
Эл агентлагийг байгуулах үеэр УИХ-ын гишүүд “Манай улсын зах зээлд борлуулж байгаа нийт эмийн гуравны нэг нь хуурамч, зөвшөөрөлгүй” хэмээн онцолж байв. Улмаар үүнийг цэгцлэх гарц нь эмийн агентлаг хэмээх бие даасан байгууллагатай болох гэж тодотгосон билээ. Гэтэл өдгөө энэ байдал өөрчлөгдсөн үү, сайжирсан уу гэдгийг тодруулж, цаашлаад шийдвэртэй алхам хийж, хяналтдаа бүрэн авах ёстой эмийн агентлаг нь таг чиг. Санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмийн агентлаг байгуулснаар хуурамч эм зах зээлээс шахагдан гарах нөхцөл бүрдэнэ. Чанартай, сайн эмийг бага үнээр авах бодлогыг эмийн агентлаг хэрэгжүүлнэ” гэж дээрх газрыг нээх үеэр ярьж байв. Мөн гишүүн Ч.Хүрэлбаатар “Агентлаг нээх нь зөв гэж үзэж байна. Эм, эмнэлгийг тойрсон асуудлууд их эмзэг сэдэв байдаг. Судалгаагаар эмийн импортын үнийг 68 хувиар нэмж зардаг. Манай улсад борлуулж буй эмийн өртгийг ДЭМБ-ын жишиг үнэтэй харьцуулахад 5-6 дахин өндөр байна. Тиймээс эмийн үнийг дураараа тогтоодог асуудлыг цэгцлэхгүй бол үндсэндээ зэрлэг капитализм боллоо. Энэ чиглэлээр ажиллах агентлаг байгуулахгүй бол олон хүн эрүүл мэнд, мөнгөөрөө хохирно” хэмээж байв. Бас УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Эмийн чанар, хэрэглээ, үнэд хяналт тавих ёстой. Энэ агентлаг дээрх бүгдэд бүрэн хяналт тавих юм” гэж ярьж байлаа. Үндсэндээ эмийн агентлаг байгуулах нь манай улсад туйлын чухал шаардлагатай гэдэгт эрх баригчид, иргэд ч санал нэгдэж байсан юм.
Харамсалтай нь, бодит байдалд аль алиных нь мөрөөдөл биелсэнгүй. Манай улс эмийнхээ 80, биологийн идэвхт бүтээгдэхүүний 95, оношлуурын 99 хувийг импортолдог. Улсын хэмжээнд 2100 орчим эмийн сан, эм ханган нийлүүлэх 440 гаруй байгууллага байдаг аж. Энэ бүгдэд хяналт тавих ёстой агентлаг нь өдгөө ажлаа хийдэг, эсэх нь ч тодорхойгүй, дээр дурдсан зөрчлүүд бүгд бахь байдгаараа. Эм, бэлдмэлийн үнэ ч дийлдэхгүй болж. Хоёр жил үргэлжилсэн цар тахал, өнгөрсөн намраас эхэлж, саяхнаас л шувтарч буй томуугийн улирлаас шалтгаалан эмийн эрэлт хэрэгцээ манайд эрс өндөр байлаа. Тэр хэрээр үнэ нь ч тогтмол нэмэгдсэн. Харин үүнийг хянаж, арга хэмжээ авах ёстой агентлаг нь мэдээгүй мэт л өнгөрөөлөө. Тиймээс үүргээ гүйцэтгэж чаддаггүй агентлагийн хэрэг бий юү гэдгийг эргэн харахад хүргэж байгаа юм.
ЧИГ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уржигдар Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм холбоо” төрийн бус байгууллагуудын удирдлага болон эм ханган нийлүүлэх томоохон байгууллагын төлөөлөлтэй уулзжээ. Энэ үеэр салбарын сайд “2022 оны арванхоёрдугаар сард Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл авахад нэг жилийн хугацаанд эмийн үнэ нь 40 хувиар нэмэгдсэн талаар танилцуулсан” гээд үүнтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгааг дурдсан нь дээрх агентлагийн ажлын үр дүнг илэрхийлэх нэг үзүүлэлт болох биз ээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 6.2-т зааснаар эмийн агентлаг нь 10 чиг үүрэгтэй. Үүнд эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, зах зээл дэх чанар, аюулгүй байдлын тандалт, судалгаа, зайлшгүй шаардлагатай эмийн үнийн зохицуулалт хийх, хяналт тавих үүрэг багтсан байдаг. Мөн эмнэлгийн мэргэжилтэн болон олон нийтэд зориулан эмийн талаарх хараат бус, бодит мэдээлэл түгээх зэрэг үүрэг хүлээхээр хуульчилсан. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар өнгөрсөн хугацаанд эдгээрээс алийг нь хэрэгжүүлсэн бэ гэдэгт хариулт олдсонгүй. Жишээ нь, зах зээл дэх эмийн чанар, аюулгүй байдлын талаарх нэгдсэн тандалт, судалгаа манайд байна уу. Иргэн хэрэглэх гэж байгаа эм нь чанартай, аюулгүй, эсэхийг мэдэхийн тулд хаанаас, хэрхэн шалгах вэ.
Ер нь тус агентлагийг байгуулснаас хойш буюу сүүлийн гурван жилд улсын хэмжээнд эмийн чанарын нэгдсэн судалгаа хийгээгүй. Хязгаарлагдмал хүрээнд, иргэдийн гомдлын дагуу л шалгах маягаар өдий хүрчээ. Тодруулбал, манай улсад 2016, 2017, 2019 онд эмийн чанар, аюулгүй байдлын томоохон хэмжээний судалгаа хийсэн байна. Түүнээс хойш эмүүдийг түүврийн аргаар сонгож, лабораторид шинжилж, судалсан нэр зүүдэг болжээ. Яг ийм аргаар оромдчихоод “Улсын хэмжээнд 2020 онд шаардлага хангахгүй эм 15 хувьтай байсан. 2021 онд энэ үзүүлэлт 3.2 хувь болж буурсан” гэх учир дутагдалтай, баталгаагүй дүгнэлтийг тус агентлагаас гаргасан байх жишээтэй. Нөгөө талаас тус байгууллагынхан эмийн чанар, аюулгүй байдлыг шалгая гэхээр лабораторийн хүчин чадал тааруу, тоног төхөөрөмж нь хэт хуучирсан гэх шалтаг тоочдог юм билээ. Гэхдээ шалтаг тоочлоо гээд бэрхшээл өөрөө шийдэгдэхгүй. Харин дорвитой хөдөлж, шийдвэртэй алхам хийж байж өөрчилнө, улмаар “эмийн мафи”-тай тэмцэнэ гэдгийг тус агентлагийнхан ойлгох ёстой.
Бэлтгэсэн: М.Оч