Хаврын улиралтай зэрэгцээд нийслэл төдийгүй орон нутгийн амралт, сувиллын газруудын ачаалал нэмэгддэг. Энэ нь эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд амралт, сувиллын газарт хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлүүлэх эрхээ эдлэхээр олноороо ханддагтай холбоотой аж. Тэгвэл иргэд энэ жил хэдэн амралт, сувиллын газарт хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу даатгалаараа үйлчлүүлэх боломжтойг ЭМДЕГ-ын хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэн Г.Батнасангаас тодруулахад “ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан, амралт, сувиллын 52 байгууллагаас иргэд сонгон үйлчлүүлэх боломжтой. Сувилалд нэг удаа үйлчлүүлэх буюу таваас олон хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч 230 000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Тухайн сувилалд өдрийн 50 000 төгрөгөөр тав хоног хэвтэхэд 250 000 төгрөгийг даатгуулагч төлөх юм. Харин даатгалаас хөнгөлөх 230 000 төгрөгт сувиллаас үзүүлэх тусламж, үйлчилгээ буюу уламжлалт бариа засал, рашаан, шавар, элсэн эмчилгээ хамрагдана. Даатгалын эл төлбөр буцаан олголт бус, зөвхөн уламжлалт эмчилгээний төлбөр” гэлээ.
52 сувиллын нэг “Сэмжид Хужирт”-аас даатгуулагчийн хөнгөлөлтийн талаар лавлахад дуудлага хүлээн авах эмч Б.Мичидмаа “Манай сувилал ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан. Өдрийн 60 000 төгрөгөөр найм хоног сувилуулдаг даатгуулагч 480 000 төгрөгийн төлбөр төлнө. Энэ нь зөвхөн байр, хоолны төлбөр. Даатгалаас үзүүлдэг 230 000 төгрөгийн хөнгөлөлтөд халуун шавар, рашаан, физик эмчилгээ, бариа засал зэрэг эмчилгээ багтдаг. Даатгуулагч биш бол байр, хоолны төлбөр дээр нэмж 250 000 төгрөг төлнө” гэсэн хариу өглөө. Амрангаа бариа засал, физик эмчилгээ үнэгүй хийлгэх хөнгөлөлтөд эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн бүр хамрагдах боломжтой юм байна. Амарч, сувилуулах боломжтой 52 байгууллагын хаяг, байршлыг ЭМДЕГ-ын цахим хуудаснаас авах боломжтой аж.