Нийслэлийн ИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмаар ТҮЦ-үүдийн үйл ажиллагааг зохицуулдаг. Уг журамд зааснаар бол ТҮЦ-т цөөн, энгийн нэр, төрлийн, хадгалах, худалдахад онцгой нөхцөл, горим шаарддаггүй бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн байршилд борлуулна гэжээ. Гэтэл өдгөө Улаанбаатар хотын ТҮЦ-үүдэд үүнийг мөрддөг, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Тухайлбал, энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид түргэн хоол, хаана бэлтгэсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг хадгалалтын горим зөрчин худалдах нь түгээмэл. Хотын төв зам дагуу байрлуулсан ихэнх ТҮЦ-ээр ороход янз бүрийн хүнсийг лангуун дээрээ өрсөн байдаг нь бараг л хэвийн үзэгдэл болжээ. Үүнд хяналт тавьдаг, хүнсний аюулгүй байдлыг хангуулдаг мэргэжлийн байгууллага бий, эсэхийг сурвалжиллаа.
“ТБД андууд”-ын урд байрлах хэд хэдэн ТҮЦ-ээр ороход лангуун дээрээ пирожки, хуушуур, ороомог зэрэг 4-5 нэр, төрлийн хоолыг төмөр цар дээр гялгар уутаар ороон тавьсан байв. Эдгээр бүтээгдэхүүний хадгалах хугацаа болон хаана бэлдсэнийг нь худалдагчаас лавлахад “Манайх шинжилгээний бичиггүй бүтээгдэхүүн зарахгүй ээ. Би өнөөдөр хоёр төрлийн бүтээгдэхүүнийг захиалж авсан. Зарагдалгүй үлдвэл маргааш нь буцаадаг. Авч иддэг хүмүүс нь голдуу насанд хүрсэн иргэд байдаг. Хэрвээ манай борлуулсан бүтээгдэхүүнээс болж иргэдэд эрүүл мэндийн асуудал тулгарвал би хариуцлага үүрэх учраас найдвартай хүнээс бүтээгдэхүүн захиалж авдаг” гээд шинжилгээний бичиг үзүүлэв. Хажуугийнх нь ТҮЦ-т ороход өндөг, хиамны хавчуургатай талх, пирожки худалдахаар тавьсан байв. Эдгээр бүтээгдэхүүнийг хаана бэлдсэнийг худалдагчаас тодруулахад “Эрүүл ахуйн бичигтэй, эсэхийг асууж байж авдаг. Нэг л газраасаа аваад жил болж байна. Өдөрт 10 гаруй ширхгийг л зардаг юм. Ийм давчуу газар бид өөрсдөө юу гэж хоол хүнс бэлдэх вэ дээ. Харин ус буцалгаад, халуун цай, кофе найруулж борлуулж байна. Би энэ ТҮЦ-ийг түрээсэлж ажиллуулдаг юм. Түрээсийн төлбөр сарын 700 000 төгрөг. Үүнийгээ арайхийн төлөөд, ашиг нэг их үлддэггүй. Бид аль болох цэвэрхэн суухыг хичээдэг. Тэгэхгүй бол хэн орж ирэх вэ. Хорооноос долоо хоног тутам хүмүүс ирж, ширхгийн хоолны шинжилгээний бичиг, гадна, дотнох ариун цэвэр шалгадаг. Цагдаагаас мөн хэв журмын зөрчил, тамхи зарж байгаа, эсэхэд хяналт тавьдаг.
Саяхан хажуу талын ажиллуулдаггүй ТҮЦ-ийг ачаад явсан” гэж ярилаа. Тус ТҮЦ-т худалдаж байсан хачиртай талхны шошгон дээрх хаягийг харвал “ХанУул дүүргийн 10 дугаар хороо, “Сайхан амт” цех” гэсэн бичигтэй байв. Харин хамгийн чухал мэдээлэл болох үйлдвэрлэсэн он, сар, өдөр, холбоо барих утсаа бичээгүй байлаа. Мөн өөр цэгүүдэд “Тарган Уул” цехийн умс хятай, “Өег” цехийн кимбаб, “Урин” цехийн бууз, хуушуур, жигнэсэн пирожкийг лангуундаа тавьжээ. Эдгээр ТҮЦ-ээс холгүй “Гоонь эрчүүдийн хуушуур” гэх хаягтай, ТҮЦ-ээс арай томхон талбайтай мухлаг байв. Ажилчид нь цэвэрлэгээ хийгээд хараахан нээгээгүй байлаа. Эднийх дотроо хуушуур хийж борлуулдаг бөгөөд ус, хог, бохироо хэрхэн шийддэг талаар асуухад нэг ажилтан нь “Усаа зөөврөөр буюу худгаас авчирдаг. Хогоо ойрхон цэгт асгадаг. Төвийн сүлжээнд холбогдоогүй учраас бохироо мөн зөөж асгадаг юм . Дан хуушуур хийдэг болохоор ус нэг их хэрэглэдэггүй. Хүн орж ирэхээр шууд хайраад өгдөг. Бүх хэрэгсэл нэг удаагийнх. Халбага, сэрээ, аяга, таваг гээд. Манайх үүнээс гадна олон салбартай болж байгаа. Саяхан Баянгол дүүргийн Эрүүл мэндийн газрынхан ирж шалгаад, заавар, зөвлөгөө өгөөд явсан. Хамгийн түрүүнд гар угаалтуур тавих, дараа нь бохирын асуудлаа яаралтай шийдэх үүрэг өгсөн.
Тэгэхгүй бол бохироо дандаа зөөх хэцүү юм билээ. Дулаарч, газар гэсэхээр төвийн шугамд холбох ажил хийх байх” хэмээлээ. Төв зам дагуух газруудаас хамгийн олон ТҮЦ бөөгнөрсөн хэсэг бол Баянгол дүүргийн нутаг, X хорооллын автобусны буудал. “Эндхийн зарим ТҮЦ-ийг өнгөрөгч сард нүүлгэж эхэлсэн. Удахгүй бусдыг нь ч нүүлгэх талаар сонссон” гэж зарим иргэн хэлж байв. Баянгол дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Өлзиймаатай холбогдож, ТҮЦ-үүдэд хэрхэн хяналт тавьдаг, нүүлгэн шилжүүлэх ажлыг хэзээнээс эхлүүлсэн талаар тодруулсан юм. Тэрбээр “Хүнсний чанар, аюулгүй байдлыг хангах талаас нь нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүнсний байцаагч нар хяналт тавьдаг. Манай байгууллагын тухайд бичиг баримтын бүрдүүлэлтийг нь шалгадаг. Он гарснаас хойш Баянгол дүүргийн ажилладаггүй 46 ТҮЦ-ийн 32-ыг нь ачсан. Тэдгээрээс 21-ийг нь дүүргийн Засаг даргын Тамгын газраас төсөв гарган нүүлгэсэн. Үлдсэн 11-ийг үйлчилгээ эрхлэгчид өөрсдөө нүүлгэн шилжүүллээ.
ТҮЦ-үүд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, бас нийтийн эзэмшлийн талбайд байршуулдаг. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ТҮЦ зөвшөөрөлгүй, холбогдох журамд нийцдэггүй, нийтийн эзэмшлийн талбайд байрлуулах ёсгүй объект. Манай дүүргээс өнгөрсөн сарын 2731-нд буюу таван өдрийн хугацаанд 32 ТҮЦ нүүлгэж, газрыг нь тохижуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлсэн” гэсэн юм. Өмнө нь мэргэжлийн хяналтын байгууллагынхан ТҮЦ-үүдэд хяналт тавьж байжээ. Харин уг байгууллагыг энэ жилээс татан буулгаж, ТҮЦ-үүдийг хянан шалгах чиг үүргийг нь нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт шилжүүлсэн аж . Тус газрын хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс зарим зүйл тодруулахад “ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдох журмуудыг зөрчдөг. Нийслэлийн ИТХ-аас 2022 оны тавдугаар сарын 30-нд баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд ТҮЦ-тэй холбоотой хэд хэдэн зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд ТҮЦ байрлуулж болохгүй. Хаана ТҮЦ ажиллуулж болохыг дүүргийн холбогдох албаныхан шийдэх учиртай. Худалдаа, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд өгөх зөвшөөрөл цэгцтэй, журамтай тодорхой болсон.
Дүүргийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл гэж байдаг. Уг зөвлөлд дүүргийн холбогдох байгууллага, бүх хорооны иргэдийн төлөөлөл, ТББ-ууд багтдаг. Тухайн дүүргийн аль байршилд ТҮЦ байрлуулж болохыг хорооныхон нь иргэдээс саналаа авч шийдэх учиртай. ТҮЦ-ийн хамгийн асуудал дагуулдаг зүйл бол эрүүл ахуйн стандартын наад захын шаардлага хангадаггүй байдал. Тухайлбал, гар угаах, ариутгах төхөөрөмж, угаалтуур, бие засах газар байхгүй. Ийм нөхцөл бүрдүүлэх боломж ч ТҮЦ-т хязгаарлагдмал . Энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид ойролцоох байгууллагатайгаа гэрээ байгуулж, ариун цэврийн байгууламжийг нь ашиглаж, гараа угаадаг гэдэг. Үнэндээ бодит байдалд энэ нь хэрэгждэггүй. Мөн худалдааны газар байх ёстой тоног төхөөрөмж, хөргөгч, хөлдөөгчгүй. Талбай бага учраас өндөг, хиам зэрэг орцтой, амархан мууддаг бүтээгдэхүүнийг лангуун дээр ил задгай худалддаг нь маш эрсдэлтэй. Нэгэн иргэн гэрийн нөхцөлд өндөгтэй хавчуургатай талх бэлтгэн ТҮЦ-үүдэд нийлүүлэн, 20 гаруй хүн хордлого авсан жишээ бий. Тухайн үед манай байгууллагаас ТҮЦ-т хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн худалдахыг таслан зогсоох мэдэгдэл гаргаж байсан. Ингэснээр цөөн нэрийн, сав баглаа боодолтой бүтээгдэхүүн худалдах шийдвэрт хүрч байлаа. ТҮЦ-т хоол үйлдвэрлэл явуулах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл стандартын шаардлага хангахгүй ажлын байр. Бас шаардлагатай тоног төхөөрөмжгүй учраас тэр юм. Хамгийн чухал нь хэрэглэгчид эрүүл ахуйн мэдлэг, дадалтай байж, зөв хүнс сонгон хэрэглэх нь чухал” гэв.