Хорвоог орхисон хүүгийнхээ ажиллаж байсан компанийнханд талархал илэрхийлэх хүсэлтэй нэгэн ээж манай сонинд хандав. Тэрбээр “Био эргэл хайрхан” ХХК-ийн захирал Н.Очирхуягийн сайн үйлсийг бусад хүнд үлгэр дуурайл болгон таниулахыг хүссэн юм. Н.Очирхуяг хүнд өвчтэй ажилтнаа эрүүл саруул болгохын төлөө хичээл зүтгэл гарган, чин сэтгэлээсээ тусалж, орон сууцтай болгожээ.
-Та манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Таныг ажилчдынхаа нийгмийн асуудалд маш сайн анхаардаг гэж манай сонины уншигч бидэнд хандсан юм.
-Намайг Нямсүрэнгийн Очирхуяг гэдэг. Барилгын төмөр бетон хийц эдлэлийн үйлдвэрлэл эрхэлдэг. Талийгаач бид хоёр эртний танил найзууд байсан. Эрхэлсэн ажилгүй байхад нь таарч, нэг компанид цуг ажилд орсон юм. Удалгүй би 2012 онд хувиараа үйлдвэр нээж, найзыгаа жолоочоор ажиллуулсан. Хамтдаа арваад жил ажилласан даа. Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч, бүгдийг нь үзлэгт хамруултал харамсалтай нь найз минь элэгний хавдартай гэдгээ мэдсэн. Ингээд эмнэлэгт хандсан ч харамсалтай нь хугацаа алдсан байв. Элэг шилжүүлэн суулгуулах хагалгаа хийлгэхээр хөөцөлдөж ч үзсэн, нааштай хариу аваагүй. Тэр үе үнэхээр хэцүү байлаа. Талийгаач хүн чанартай, ажилдаа хичээл зүтгэлтэй залуу байв. Байнга хамт олноо, бас ажлаа их ярина. “Санаа зоволтгүй, удахгүй эдгэрнэээ” л гэдэг байсан. Тэрбээр байгууллагаасаа хөнгөлөлттэй нөхцөлөөр хоёр өрөө байртай болж, сар бүр цалингаасаа хүүгүй зээлээр төлдөг байв. Тиймээс нас барсных нь дараа бид хамт олноороо нэгдэж, эхнэр, хүүхдүүдийг нь байрны үлдсэн төлбөрөөс чөлөөлсөн юм.
-Хэцүү үед нь тусалсан болохоор талархахаас ч аргагүй байх. Талийгаачийн ээж ч ингэж хэлж байлаа.
-Нэг нэгэндээ туслах нь бидний үүрэг гэж боддог. Ер нь ийм зарчмаар ажилчдынхаа эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн асуудал зэрэгт түлхүү анхаардаг лдаа. Хүнд тусалснаа март. Харин хүнээр туслуулснаа бүү март гэдэг үг байдаг шүүдээ. Тиймээс хүнд дэмжлэг үзүүллээгээд яриад, сурталчлаад байдаггүй. Харин талийгаачийн ээж ингэж талархлаа та бүхэнд хүргэсэнд баярлаж байна.
-Ажилчдынхаа гэр бүл, нийгмийн асуудалд ихээхэн анхаардгаа та дурдлаа. Энэ чиглэлээр танай байгууллага ямар бодлого хэрэгжүүлдэг вэ?
-Ажилчдынхаа багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, хувь хүний хөгжлийг сайжруулах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэх бодлого баримталдаг. Мөн шинэ санал санаачилга дэвшүүлсэн ажилтнаа харамгүй урамшуулж, аль болох бүгдтэй нь нээлттэй, чөлөөтэй харилцахыг эрхэмлэдэг юм. Тиймээс манай компанийнхан сэтгэл шингэсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэгт итгэлтэй байдаг шүү. Компанийн урт удаан хугацаанд оршин тогтнох чухал зүйл бол ажилтан. Хамгийн үнэтэй, шавхагдашгүй нөөц нь шүү дээ. Энэхүү үнэт эрдэнээ хайрлан хамгаалах нь манай компанийн нэн түрүүнд тавих зорилго юм.
-Хамт олноороо санаачилж хэрэгжүүлсэн үр дүнтэй ажил олон бий байх?
-Зөндөө бий. Арав гаруй жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажилд хувь нэмрээ оруулж байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Архангай аймагт бүтээн байгуулалтын ажилд оролцож байлаа. Сайн дурын ажил болон нийгмийн хариуцлагын хүрээнд яам, дүүрэг, хороотой хамтран төсөл болон тусламжийн ажлуудад идэвхтэй оролцохыг зорьдог.