Манай улс органик хүнсэнд дараах зургаан төрлийн тэмдэг, тэмдэглэгээг ашиглаж байна.
Хамтын баталгаажуулалт: Үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад оролцогч хамтран хийнэ
Хөндлөнгийн баталгаажуулалт: Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжилсэн болон ХХААХҮЯ-нд бүртгэлтэй байгууллага гүйцэтгэнэ
Тулга олон жилийн судалгаа, туршилтдаа үндэслэн органик бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр шийджээ. Тэрбээр үүний тулд Үндэсний итгэмжлэлийн төв, ХХААХҮЯ-нд бүртгэлтэй, зөвшөөрөлтэй мэргэжлийн баталгаажуулалтын байгууллагад хүсэлт гаргах ёстой гэнэ. Тус байгууллага бүтээгдэхүүний төрөл, ул мөрийг мөрдөн тогтоож, бүртгэл хөтлөлт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээний дүгнэлт зэрэг олон хүчин зүйлийг харгалзсаны үндсэн дээр гэрчилгээ олгож, түүнийгээ холбогдох баримт бичгийн хамт Органик хүнсний бүртгэл, мэдээллийн сан (organic.gov.mn)-д илгээх аж. Энэ талаарх мэдээлэл үйлдвэрлэл эрхлэгчид ирснээр бүтээгдэхүүнийхээ шошгод органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх эрх үүсэх нь. Ингэснээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм байна. Тулга органик үйлдвэрлэл эрхлэгчдийн эгнээнд шилжсэнээр төрөөс мөнгөн болон мөнгөн бус дэмжлэг авах боломжтой.
Тухайлбал, баталгаажуулалт хийх эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулснаас эхлээд органик үйлдвэрлэлд бүрэн шилжих хүртэлх хугацаанд зарцуулсан зардлаа гаргуулан авч болно. Мөн олон улсын үзэсгэлэн, яармагт бүтээгдэхүүнээ оролцуулах, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх тохиолдолд улсаас зардлаа шийдүүлэх боломж ч бий. Үйлдвэрлэлдээ дэвшилт арга, технологи нутагшуулсан бол судалгаа, хөгжилд зарцуулсан хөрөнгийнхөө 75 хүртэлх хувьтай тэнцэх дэмжлэгийг улсаас нэг удаа авах эрхтэй. Түүнчлэн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах нь.
Ч.Ундрам тэргүүтэй УИХ-ын таван гишүүний өргөн бариад буй Органик бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталбал үйлдвэрлэл эрхлэгчид дээрх замаар үйл ажиллагаагаа баталгаажуулж, дэмжлэг авах нөхцөл бүрдэх нь. Манай улс 2017 оноос Органик хүнсний тухай хууль хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл хууль санаачлагчид нийгмийн хэрэгцээ шаардлагад үндэслэн үүнийг шинэчлэхээс аргагүйд хүрснийг хэллээ. Хуулийн төсөлд тусгасан гол зохицуулалтын нэг нь органик бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид үзүүлэх дэмжлэг. Бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахаас нь эхлээд үйлдвэрлэх, худалдах гээд бүх шатанд дэмжих гэнэ. Тухайлбал, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнээ баталгаажуулж, зах зээлд нийлүүлсэн бол хүн амын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 90 хүртэлх хувиар чөлөөлөх, төрийн худалдан авах ажиллагаанд давуу эрх олгохоор тусгажээ. Тэрчлэн энэ төрлийн бүтээгдэхүүн экспортолсон тохиолдолд хөрөнгө оруулалтад зориулан арилжааны банкнаас авсан зээлийн 50-иас доошгүй хувьд хүүгийн дэмжлэг үзүүлэхээр зохицуулсан байна. Тариалангийн талбай, хүлэмждээ дотоодын органик бордоо ашигладаг үйлдвэрлэл эрхлэгчдэд эхний гурван жилд “тэжээл” худалдан авсан зардлыг нь олгох гэнэ. Дэмжлэг, урамшууллын ийм хөшүүрэг бий болгосноор органик бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл өснө гэж үзэж байгаа аж.
Зургаан жилийн өмнө баталсан, өдгөө мөрдөж буй хуульд зөвхөн хүнстэй холбоотой зохицуулалтуудыг тусгасан байдаг. Тэгвэл шинэчилсэн найруулгаар тус хуулийн цар хүрээг өргөжүүлж, гоо сайхан, арьс, шир, ноос, ноолуур зэрэг хүнсний бус органик бүтээгдэхүүнтэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, хоол хүнснээс гадна бидний эдэлж хэрэглэж байгаа зүйлс ч органик байх ёстой гэдэг үзэл баримтлалыг чухалчлав. Хуулийн хамрах хүрээг “Хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик, хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, амьд мал, амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгац үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд хамаарна” гэж тодорхойлсноос энэ ялгаа тод харагдаж байгаа юм.
Одоогийн хуульд органик хүнс хэмээх ойлголтыг “Мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүн” гэж тодорхойлсон байдаг. Харин шинэчилсэн найруулгад “Үйлдвэрлэх, боловсруулах, бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдах зэрэг бүх үе шатанд шаардлагад нийцсэн (түүхий эд, бүтээгдэхүүний байгалийн шинж байдлыг хадгалахад чиглэсэн) арга, технологи ашиглан бий болгосон бүтээгдэхүүнийг органик гэнэ” хэмээн тусгажээ. Өөрөөр хэлбэл, органик үйлдвэрлэлийн үр дүнг хэлнэ гэсэн байна.
Органик үйлдвэрлэлд баримталдаг олон улсын зарчим байдаг аж. Тухайлбал, хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүн амын оршин тогтнох эрүүл, аюулгүй байдлыг хангах, экосистемд сөрөг нөлөөгүй, байгалийн тэнцвэрийг хадгалсан байх, зах зээлийн шударга өрсөлдөөний зарчимд суурилан үйлдвэрлэлийн бүх үе шатанд шударга, энэрэнгүй ёс баримтлах, одоо цагт амьдарч буй хүмүүсийн болон ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн хариуцлагатай арга технологиор үйлдвэрлэл эрхлэх гэх мэт. Манай улс Органик хүнсний тухай хуульдаа эдгээр зарчмыг мөн тусгасан. Орц бүрдүүлэгчийн 90 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай хүнс, тэжээл бордоог органикт тооцож буй. Харин дээрх хуулийг баталбал тус үзүүлэлт “дээшлэх нь”. Тодруулбал, 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг энэ ангилалд хамруулахаар тусгажээ. Тэгэхээр үүнийг дагаад баталгаажуулах тэмдэг, тэмдэглэгээг өөрчлөх нь.
Одоо мөрдөж байгаа хууль, журмын хүрээнд Монгол Улс органик бүтээгдэхүүнд зургаан төрлийн тэмдэг, тэмдэглэгээ олгож буй. Үүний хоёр нь “Органик монгол хүнс”-ээр баталгаажуулах эхний шатны шаардлага хангасныг илтгэх тэмдэглэгээ. Харин үлдсэнийг нь 90-99, 100 хувь органик гэхчлэн орц бүрдүүлэгчээр нь ангилж байгаа. Тэгэхээр шинэчилсэн хуулиар органик бүтээгдэхүүний босгыг 95 болгосноор энэ хувь дагаад өөрчлөгдөж таарах юм. Органик бүтээгдэхүүнийг хамтын болон хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага баталгаажуулдаг. Хамтын гэдэг нь үйлдвэрлэгч, хэрэглэгч болон бусад оролцогч хамтран тухайн бүтээгдэхүүнийг органик үйлдвэрлэлийн шаардлагад нийцэж байгаа, эсэхийг үнэлэхийг хэлдэг. Харин хөндлөнгийн гэхээр Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжилсэн болон ХХААХҮЯ-нд бүртгэлтэй байгууллага баталгаажуулах юм. Энэ үйл явцад төдийлөн өөрчлөлт оруулаагүй ч бүртгэл, мэдээллийг сайжруулах, органик бүтээгдэхүүнд тавих хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлийн зохицуулалт тусгасныг хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт багтсан судлаач онцоллоо. ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар organic.gov.mn системээр дамжуулан дотоодын үйлдвэрийн болон импортын органик бүтээгдэхүүнийг бүртгэж буй. Тэгвэл шинэ хуулийн 12 дугаар зүйлд ХХААХҮЯ цахим санг тухай бүрт шинэчлэх, гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг тогтмол оруулж байх заалт тусгажээ.
Органик хүнсний тухай хуульд үйлдвэрлэл эрхлэгчид тавих шаардлагуудыг тусгасан байдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгад зөвхөн үйлдвэрлэл эрхлэгчийн эрх, үүргийг заажээ. Үйлдвэрлэлд хориглох зүйл гэсэн хэсэгт нэг зүйл шинээр нэмсэн нь хөрсгүй технологи аж. Ийм олон төрлийн арга байдаг. Гидропоник буюу усан дээр ургамал тариалах технологийг гэхэд сүүлийн жилүүдэд дэлхий дахинд өргөнөөр ашиглах болсон. Тэгвэл шинэ хуулиар ийм арга ашиглан гаргаж авсан бүтээгдэхүүнийг органик гэж үзэхгүй нь.
Ерөнхийд нь дүгнэхэд энэ хуулиар органик бүтээгдэхүүний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдийг санхүүгийн болон татварын бодлогоор дэмжих, бүтээгдэхүүний орц, найрлагад тавих шаардлагыг өндөрсгөхийг зорьжээ. Манай улсад органик бүтээгдэхүүний зах зээл хумигдмал, төрөөс үзүүлэх дэмжлэг, туслалцаа хангалтгүй, үйлдвэрлэлийг дэмжих эрх зүйн таатай орчин байдаггүйн зэрэгцээ энэ талаарх иргэд, олон нийтийн ойлголт, мэдлэг үнэхээр дутмаг байдаг. Бүтээгдэхүүний зах зээлийг тэлэх бодлого баримталж буй бол олон нийтийн ойлголтыг сайжруулах чиглэлд ч анхаарч, хууль, журамдаа тодорхой зохицуулалтууд тусгах шаардлагатай санагдав. Мөн элхуулийг хэрэглэгчдэд буюу жирийн иргэдэд ойлгомжтой болгож, ойртуулах үүднээс мэргэжлийн, алдаатай бичсэн үг хэллэгүүдээ засах хэрэгтэй. Энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа таван бүлэг, 18 зүйлтэй уг хуулийн төслийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар өнөөдөр хэлэлцэх юм байна.