Хаврын улирал эхлэхээр вирусийн гаралтай халдварт өвчний тархалт ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн сараас салхин цэцэг эрс ихсэж, 0-5 насныхан өвчлөх нь нэмэгдсэнийг ХӨСҮТ-өөс өчигдөр анхаарууллаа. Үүнээс гадна 15-25 насны сурагч, оюутнуудын дунд тархалт нэмэгдэх магадлалтай бөгөөд агаар дуслаар, амьсгалын замаар халдварладаг эл өвчнөөс урьдчилан сэргийлэх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөлөө. Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д салхин цэцэг өвчнөөр 40 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан аж. Түүнчлэн Яаралтай тусламжийн тасагт нь тууралтат халдвараар өвчилсөн 2-3 хүн хандаж байна гэв. Тус төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Өнгөрсөн жил 182 улсад улаан бурхан өвчний 172 000 орчим тохиолдол бүртгэгдсэн. Эл тоо нь өмнөх оныхоосоо гурав дахин өндөр үзүүлэлт. Энэ оны эхний улиралд 100 гаруй улсад 22 000 орчим тохиолдол бүртгэгдлээ. Тэдгээрийн дотор манай урд, хойд хөрш багтсан. Монголд 1992, 1995, 2000-2002, 2015-2016 онд буюу дөрвөн удаа улаан бурхан өвчин өргөн хүрээнд тархаж байлаа. Одоогоор манайд бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байна” гэлээ.
Улаан бурхан бол энгийн тууралт биш, бага насны хүүхдэд маш аюултай халдварт өвчин учраас товлолт вакцин хийлгэхийг тус төвийнхөн зөвлөсөн юм. Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд гэсэн гурван халдварт өвчний эсрэг товлолт дархлаажуулалтыг хүүхдэд есөн сар болон хоёр настайд нь хийлгэснээр 98 хувийн дархлаа тогтдог байна. Гэтэл “Ковид”-ын үед эдгээр вакцины эхний тунд хамрагдаж чадаагүй 40 000, хоёр дахийг нь хийлгэж амжаагүй 60 000 орчим хүүхэд бий бөгөөд тэд өвчлөх эрсдэлтэйг дээрх төвөөс мэдээлэв.