“Өргөө” амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний багийнхан эмчилгээний шинэ арга нэвтрүүлжээ. Тэд хүнд өвчинтэй нярайд захын судсаар дамжуулан төвийн вений гуурс тавих эмчилгээний аргыг анх удаа ашигласан нь үр дүнтэй болжээ. Уг аргаараа өдгөө таван хүүхдийг амжилттай эмчилж буй гэнэ. Эл эмчилгээг практикт ашигласнаар багагүй хугацаанд эмчилгээ хийлгэх нярайн судсанд уян зүү тавихгүй, олон удаа хатгахгүй байх боломж бүрджээ. Цаашлаад халдварын эрсдэл болон бусад хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой гэнэ. Мөн эмнэлгийн зардал ч буурах нь. Дээрх аргаар нярайд 14-21 хоног хүртэлх хугацаанд хооллолт, хими эмчилгээ, цус болон шингэн сэлбэх, антибиотик эмчилгээ хийх боломжтой аж. Уг эмчилгээг “Өргөө” амаржих газрын нярайн эрчимт эмчилгээний эмч, анагаахын шинжлэх ухааны магистр, олон улсын “Bloom team” багийн гишүүн Б.Өлзийхишиг, сувилагч Нандин-эрдэнэ нар хийсэн байна. Тэд Тайваньд энэ чиглэлээр гурван сарын хугацаанд мэргэшин суралцсан туршлагаа ийнхүү эх орондоо амжилттай нэвтрүүлжээ.
Бэлтгэсэн: Б.Очгэрэл