Сэлбэ голыг сэргээж, эрэг орчмоор нь аялал жуучлалын бүс байгуулахаар эртнээс ярилцаж буй. Гэвч ажил хэрэг болгосон нь өнөөдөртөө үгүй. Ямартаа ч төслийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн хуралдсан байна. Тус мэдээллийг та бүхэнд хүргэе ээ.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлж, түгжрэлийг бууруулж, Сэлбэ голыг сэргээх, орчинд олон нийтийн соёл, амралтын тохилог орчныг бүрдүүлэх зорилтуудын хүрээнд “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийг боловсруулаад байгаа билээ. Барилга, хот байгуулалтын сайд тус төслийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд “Сэлбэ сэргэлт” төслийн танилцуулгыг шинэ Хар хорум хотын захиргааны дарга Н.Нацагдорж танилцуулсан бол Сэлбэ голын үерийн загварчлалын үр дүнгийн талаарх товч танилцуулгыг ШУТИС, Барилга, архитектурын сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Аюурзана танилцуулав.
Танилцуулсан төсөл, мэдээллүүдийн хүрээнд “СЭЛБЭ СЭРГЭЛТ” төслийн эхний үе шатанд төсөл хэрэгжих газрын хэмжээ, зааг, чигийн нарийвчилсан судалгаа, зураглал, ТЭЗҮ, Төслийн талбайд инженер геологи, гидрогеологи, ус зүйн тооцоо судалгаа, дүгнэлт, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, төсөл хэрэгжих газрын байр зүйн судалгаа, голын урсацын тохируулга, үерийн хамгаалалтын болон бороо, цас, хөрсний ус зайлуулах барилга байгууламжийн тооцоо, зураглал гэх мэт өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.
Дээрх асуудлуудаас гадна авто зам, дугуйн зам, явган хүний зам, инженерийн хонгилын системийн тооцоо зураглал, ус, ариутгах татуурга, дулаан, цахилгаан хангамж, холбоо мэдээллийн шугам сүлжээ, инженерийн хонгилын системийн тооцоо зураглал, хот тохижилтын тооцоо, зураглал зэрэг нарийвчилсан судалгаа, ажлын зураг төслийг богино хугацаанд дотоодын мэргэжлийн байгууллагуудаар үе шаттайгаар хийлгэх асуудлыг хэлэлцэж, оролцогч байгуууллагууд нэгдсэн ойлгололтод хүрч, "СЭЛБЭ СЭРГЭЛТ" төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар тогтов.
Уулзалтад БХБЯ, ГЗБГЗЗГ, Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн “Хот төлөвлөлт, судалгааны институт”, УБДС ТӨХК, УБЦТС ТӨХК, УСУГ, Усны газарг авто зам, замын байгууламж, гүүр тунелийн байгууламж, гидрогеологи, геодези, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, зураг төсөл боловсруулах эрх бүхий ААН-ийн төлөөллүүд оролцлоо.