УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ долоо хоногт парламентаар хэлэлцэж эхэлнэ. Тиймээс УИХ-ын гишүүдийг бүхэлд нь тойргоос сонгодог тогтолцооноос татгалзаж, холимог хувилбар дэвшүүлсэн гэдгээрээ анхаарал татаж буй энэ удаагийн төсөлд өөр ямар нэмэлт, өөрчлөлт байгааг тодруулъя. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн саналыг авахаар энэ удаагийн төсөлд тусгасан юм.
НАМААС ШААРДАХ БАРИМТ БИЧГИЙГ НЭМЖЭЭ
Улс төрийн нам сонгуульд оролцох хүсэлтдээ холбогдох найман төрлийн баримт бичиг хавсарган Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх зохицуулалт одоогийн хуульд бий. Тэгвэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 26.2-т “Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга (тэмдэг) даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх нам тамга (тэмдэг) даран баталгаажуулна” хэмээх заалттай холбоотойгоор тухайн нам, даргынх нь талаарх Дээд шүүхийн лавлагааг нэмж хавсаргахаар тусгажээ. Мөн намын тамга, тэмдгийн улсын бүртгэлийн лавлагааг ч шаардах гэнэ. Жишээ нь, энэ нь нэг талд тамгагүй дарга, нөгөө талд даргагүй тамгатай болж хуваагдсан АН-ынхны асуудлыг улам нэмж мэднэ. Тэгж яривал одоогийн хуулиар намын сонгууль эрхэлсэн байгууллагын хаягийг ч мэдүүлэх ёстой бөгөөд АН-ынхны хувьд үндсэн хаяг нь ч тодорхойгүй хэвээр. Өнгөрсөн пүрэв гарагт тус намын дарга Л.Гантөмөр Дээд шүүхэд өргөдөл гаргаж, хаягийнхаа цахим бүртгэлийг өөрчлөх хүсэлтээ уламжилсан байна. Уг өргөдөлд “Дээд шүүхийн цахим хуудас дахь улс төрийн намын бүртгэлийн санд АН-ын хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр” гэж бүртгэжээ. Тус хаягт байрлах АН-ын төв байрыг буулгаж, газар эзэмших эрхийг 2013 онд Улаанбаатар банканд шилжүүлсэн. Үүнийг “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Чингисийн өргөн чөлөө, Шинэ дэвшилтэт холбооны байр” хэмээн бүртгэнэ үү” хэмээсэн байв.
УХУУЛАГЧИЙН УРАМШУУЛЛЫГ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ
Түүнчлэн ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй байхаар төсөлд заажээ. Одоогоор энэ хэмжээ 550 мянган төгрөг байгаа. Ирэх жил шинэчилнэ. Өмнө нь ингэж тухайлан зааж байсангүй. Ер нь ухуулагч нарт урамшуулал олгох, эсэх нь сонгуулийн үеэр маргаан дагуулдаг асуудлуудын нэг. Өөрөөр хэлбэл, итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа дэмждэг нам, эвслийнхээ төлөө сайн дураараа ажиллах ёстой атал тэдэнд урамшуулал өгч, мөнгөөр хөдөлгөх шаардлагагүй гэж нэг хэсэг нь шүүмжилдэг. Харин нөгөө хэсэг нь сонгуулийн кампанит ажлын үеэр хамгийн хар бор ажлыг хийдэг хүмүүсээ зүгээр зүтгүүлж болохгүй гэдэг. Үнэхээр ч мөрийн хөтөлбөрийг нь танилцуулж, сонгогчдыг ухуулахаас авхуулаад “тархийг нь угааж”, саналыг нь худалдан авахын тулд мөнгө, эд зүйл тараах гээд бүхий л бохир ажлыг нь тэд хийдэг. Арав гаруй жилийн өмнө Увс аймагт өнөөгийн эрх баригч намаас нэр дэвшигч, өдгөө сайдаар ажиллаж буй Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар машинаар мөнгө тээвэрлэж байгаад баригдахдаа “ухуулагчийн урамшуулал” хэмээн тайлбарласан удаатай. Ухуулагчийн урамшуулал бус, тойргийн сонгогчдод тараах мөнгө байсныг нь шүүх тогтоосон ч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн хоёр бус, түүнийг тараасан ухуулагч нар нь ялтан болсон түүхтэй. Өнгөрсөн хугацаанд ухуулагч нар мөнгөөр л ажиллаж ирсэн нь нууц биш. Тиймээс ч ийм ажил хийж гаршсан хүмүүсийн хувьд дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулийг тэсэн ядан хүлээдэг гэж хэлж болно. Мэдээж нэр дэвшигчээсээ хамаараад урамшууллын хэмжээ өөр өөр. Бэлтэй нь илүү их мөнгөөр олон ухуулагч ажиллуулах жишээтэй.
Харин сүүлд хуульд нь өөрчлөлт оруулж, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байхаар хязгаарласан юм. Гэхдээ хэдэн ухуулагч ажиллуулсан болон тэдэнд хэр хэмжээтэй урамшуулал олгосныг нь бүрэн хянаж чаддаггүй. Төрийн аудитын байгууллага нам, эвслээс ирүүлсэн тайлан, түүнд мэдүүлсэн дүнг нэгтгэх маягтай ажилладаг. Тухайлбал, Үндэсний аудитын газраас танилцуулсан “2020 оны сонгуульд оролцсон нам, эвслүүдийн зардлын тайлан”-д МАН хамгийн их буюу 1.3 тэрбум төгрөгийг сонгуулийн үйл ажиллагаа (түрээс, урамшуулал, тээвэр, томилолт, сурталчилгаа)-нд зарцуулжээ. Гэхдээ чухам хэдийг нь түрээс, урамшуулал гэх мэтэд зарцуулсан бэ гэж нарийвчилж, задалсан нь үгүй. Түүнчлэн тус тайланд хамруулсан 17 нам, эвслээс 10 нь дээрх үйл ажиллагаанд ямар ч зардал гаргаагүй гэж харж болохоор байгаа юм.
СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫН ХЭМЖЭЭ ХЭВЭЭРЭЭ
Мөн бие даан нэр дэвшигч нь сонгуульд өрсөлдөх эрхээ олж авахын тулд 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг зуруулах ёстой. Ингэж гарын үсэг зуруулахдаа тухайн хүн А4-өөс хэтрүүлэхгүй хэмжээтэй танилцуулах хуудас тарааж болохыг энэ удаагийн төсөлд зөвшөөрчээ.
Үүнээс гадна “Нам, эвсэл, нэр дэвшигчийн бэлтгэсэн сонгуулийн сурталчилгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл авах эрхийг хангах зорилгоор хадмал тайлбар, эсвэл дохионы хэлний орчуулгатай байж болно” хэмээн заасан байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг бүхэлд нь брайл үсгээр хэвлүүлж болохоор төсөлд тусгажээ. Гэхдээ брайл үсэг бүхий хэвлэмэл материалд хуульд заасан хэвлэмэл материалын хэмжээ хамаарахгүй юм байна. Сурталчилгааны хэвлэмэл материалын хэмжээг өөрчлөөгүй аж. Одоогийнхоороо буюу сонин, сэтгүүл тус бүр гурав, ухуулах хуудас нэг хэвлэлийн хуудаснаас хэтрэхгүй нь. Харин “Жагсаалтаар нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг намын сонгууль эрхэлсэн байгууллага хариуцах бөгөөд хэвлэмэл материал нь гурван хэвлэлийн хуудас хэмжээнээс хэтрэхгүй байна” гэжээ.
Мөн хүүхдэд зориулсан радио, телевизийн нэвтрүүлэг дундуур сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхийг хориглохоор тусгасан байна. Түүнчлэн радио, телевиз нь сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал авах ажиллагаа дуустал сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийсэн, нам, эвслийн дарга, нэр дэвшигч оролцсон аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, дуу, дүрс бичлэг, ярилцлагыг нэвтрүүлэхийг хориглох гэнэ. Үүний сацуу тэднийг кампанит ажлын үеэр сурталчилгааны бус, бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглов.
ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СУРТАЛЧИЛГААЯВУУЛАХ ЗАРДАЛ ХЯЗГААРТАЙ
Харин цахим орчин ашиглан сурталчилгаа явуулахад зарцуулах мөнгө сонгуулийн нийт зардлын 15 хувиас хэтрүүлэхийг хориглох гэнэ. Үндэсний аудитын газрын дээр дурдсан тайлан нь 2020 оны сонгуулиар нам, эвсэл, нэр дэвшигчид цахим орчин ашиглахад хэдий хэмжээний хөрөнгө гаргасныг тооцох эх сурвалж болсныг тэмдэглэе. 2020 оны сонгуулиар анх удаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу цахим орчинд хийх сурталчилгааг зохицуулсан юм. Сонгогчидтой хийх нүүр тулсан уулзалтыг цар тахлын хөл хорионы дүрэм улам бүр цөөрүүлж, эсрэгээрээ цахим орон зайгаар дамжуулан зорилтот бүлгүүд рүү чиглэсэн кампанит ажил өрнүүлэх хөшүүрэг болсон хэрэг. МАН гэхэд л нам болон нэр дэвшигч тус бүрийн цахим хуудсанд 100, олон нийтийн сүлжээний цахим хуудсанд 44, бусад цахим хуудсыг сурталчилгаанд ашиглахад 327 буюу нийт 471 сая төгрөг зарцуулжээ. Ардын намын нийт зардал 5.5 тэрбум төгрөг бөгөөд цахим орчин ашиглан сурталчилгаа явуулахад зарцуулсан дүн нь ес орчим хувийг эзэлж байна. Харин тус сонгуульд оролцсон бүх нэр дэвшигчийн нийт зардлын дүнд “цахим орчин ашиглах” нь 1.6 тэрбум төгрөгтэй дүйсэн нь 2.4 хувийг эзэлж буй хэрэг.
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХОЖУУ ХЯЗГААРЛАНА
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 20.13-т “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын нэрийн жагсаалтын сонгогчдын эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий хэсгийг санал авах өдрөөс 20-иос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэх заалт бий. Тэгвэл үүнийг төсөлд “Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нам, эсвэл, бие даан нэр дэвшигч, төрийн бус байгууллага нь санал хураалтын өмнө болон дараа сонгогчдын нэрийн жагсаалт, түүнийг үйлдэх үйл ажиллагаатай холбогдох журмын дагуу танилцах эрхтэй” хэмээн өөрчлөн тусгажээ. Мөн төрийн бус байгууллага нь нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайлан, түүнд холбогдох баримттай танилцах, хөндлөнгийн хяналт тавих эрхтэй байхаар заасан байна.
Одоогийн хуулиар засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших иргэний хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-наас зогсоож буй. Үүнийг төсөлд санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсооно хэмээн тусгасан байна. Өөрөөр хэлбэл, ээлжит сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын сүүлчээр явуулна гэж тооцвол шилжилт хөдөлгөөнийг зогсоох хугацаа дөрөвдүгээр сард болж таарах нь.
Түүнчлэн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт хяналтын тооллого хийхээр заажээ. Одоогийн хуулиар хэсгүүдээс 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар сонгож, хяналтын тооллого явуулж буй.