Эрүүл мэндийн яамны харьяа агентлаг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн удирдлага дураараа дургиж буйг олон судлаач, эрдэмтэн эсэргүүцэж эхэлжээ. Тиймдээ ч Засгийн газрын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны нэг “Шүгэл”-ийн хүрээнд эрх мэдэлтнүүдэд дуу хоолойгоо хүргэх болж. Харин “Шүгэл”-ийг хэрэгжүүлэгчид хараахан шийдвэр гаргаагүй, ЭМЯ-ны удирдлага ч дүлий дүмбэ царайлж, шүгэл үлээгчдийн мэдээллийг НЭМҮТ-ийн удирдлага руу шилжүүлж сууна. Үүнээс шалтгаалж судлаач залуус ч олноороо ажлаа өгөхөө илэрхийлж, зарим нь чөлөөлөгдөж буй аж. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлэн, нотолгоонд суурилсан бодлого боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зэрэг зорилготой энэ төвд чухам юу болоод залуу судлаачид ч, эрдэмтэн докторууд нь ч шүгэл үлээх болсныг сийрүүлэн хүргэе. Уг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 4.2.2-т “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, улмаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангах”-аар заасан. Харин НЭМҮТ-ийн өнөөгийн удирдлагын үйл ажиллагаа нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэлээ болгож чадаж байна уу гэдгийг уншигчид дүгнэх биз ээ.
БИО БЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРЭЭ ЗОГСООХ УУ
НЭМҮТ-ийн дэргэд 80 гаруй жилийн түүхтэй Био бэлдмэлийн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. 1932 онд Улсын ариун цэвэр, бактери шинжилгээний институт нэртэй байгуулсан эл үйлдвэр 1933 онд цагаан цэцэг өвчний эсрэг 98 000 хүн/тун вакцин үйлдвэрлэн гаргаж, эх орныхоо хэрэгцээг хангаснаар 1938-1940 он гэхэд уг өвчнийг бүрэн устгаж байсан түүхтэй. Өдгөө НЭМҮТ-ийн Био бэлдмэлийн үйлдвэр анагаах ухааны биотехнологид суурилсан эмчилгээний зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц гэж болох байгууллага. Тус үйлдвэр хэдэн жилийн өмнө 15 нэр, төрлийн био бэлдмэл, 20 гаруй төрлийн тэжээлт орчин үйлдвэрлэж, эрүүл мэндийн байгууллага, хүн амын хэрэгцээг хангаж байсан. Тодруулбал, уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэсний хижиг өвчин эмчлэх балнадын нян залгиур зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан юм билээ. Гэвч 2016 онд түүнийг татан буулгаснаар чанар, аюулгүй байдал нь хангагдсан, эсэх нь эргэлзээтэй, агуулагдах уургийн хэмжээ нь шаардлагадаа хүрдэг, үгүй нь тодорхойгүй иммуноглобулин гадаадаас ихээр оруулж ирэх болж.
Альбумин гэдэг нь элгэнд бий болдог цусны үндсэн уураг. Түүнийг Био бэлдмэлийн үйлдвэрийнхэн гаргаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм билээ. Манай улсад жилээс жилд альбумины хэрэглээ өсөж буй. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед 80 флакон альбумин хэрэглэх шаардлагатай байдаг гэж мэргэжлийн эмч нар өгүүлдэг. Нэг флаконы зах зээлийн ханш нь хэдэн жилийн өмнө дунджаар 200 000 гаруй төгрөг байсан бөгөөд эмчилгээний туршид 17 сая шахам төгрөгөөр импортын альбумин худалдаж авдаг байж. Альбуминыг элэг шилжүүлэн суулгахаас гадна бөөрний дутагдал, хорт хавдрын улмаас уураг нь дутагдаж буй өвчтөнд долоо хоногт 2-4 удаа хэрэглэдэг юм билээ. Импортыг орлох ийм бүтээгдэхүүн дотооддоо НЭМҮТ-ийн Био бэлдмэлийн үйлдвэрт гарган авч чадаж байгаа. Гэтэл тус төвийн удирдлага үйлдвэрийнхнээс хэд хэдэн хүнийг ажлаас нь чөлөөлж. Мэдээж тус үйлдвэрт нарийн мэргэжлийн эрдэмтэн судлаач, доктор, профессор цолтой хүмүүс ажилладаг. Тус үйлдвэрт олон жил ажилласан нарийн мэргэжлийн технологичийг тэтгэврийн насанд хүрсэн шалтгаанаар чөлөөлжээ. Тэтгэврийн насанд хүрсэн хүнийг чөлөөлөх нь зүйн хэрэг. Гэхдээ дараачийнх нь залгамж халааг бэлтгээгүй шахам байж Био бэлдмэлийн үйлдвэрийн судлаач эрдэмтэд, бусад нарийн мэргэшсэн боловсон хүчнээ шахаж, хавчиж байгаа нь хачирхалтай. Магадгүй гадаадаас бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн захиалга, даалгавраар ийм хортой үйл ажиллагаа явуулж байгаа юм биш биз. Тус үйлдвэрт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь мэдээж монгол хүний биеийн онцлогт тохирсон, үндэсний аюулгүй байдлыг ч хангаж чадахуйц, гадаад руу гарах мөнгөн урсгалыг багасгах боломжтой атал судлаач эрдэмтдийг нь хавчин шахаж үйл ажиллагааг нь доголдуулж болзошгүйд хүрчээ.
ДОКТОР ЦОЛТОЙ ХҮНИЙ АЖЛЫН БАЙРЫГ БАКАЛАВР ЗЭРЭГТЭНД ЗОРИУЛЖ ЗАРЛАВ
НЭМҮТ-ийн ажилтнууд олноороо ажлаас гарсан, чөлөөлөгдсөн асуудлыг хэдхэн хоногийн өмнө Эрүүл мэндийн яаманд болсон нэг хурлын үеэр онцолсон байна. Эх сурвалжийн өгүүлснээр “НЭМҮТ цөөн орон тоотой. Тэндээс чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн тоог бусад эмнэлгийнхтэй харьцуулахад хувийн дүнгээрээ хамгийн эхэнд бичигдэж буйд анхаарал хандуулах ёстой болжээ” хэмээн жишээ баримт дурдсан аж. Тус төвийн удирдлагын элдэв дарамт, шахалтаас болж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл гаргаж буй судлаач, мэргэжилтнүүдийн дотор магистр, доктор цөөнгүй байгаа юм билээ. НЭМҮТ-ийн удирдлага нэгэн судлаачийг “Чи “Ковид-19”-ийн шинжилгээ хийх төхөөрөмжийг эвдсэн. Түүнийхээ төлбөрийг төл” гэх байдлаар дарамталж. Уг нь тухайн тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хариуцсан мэргэжлийн хүмүүс нь ирээд “Тасралтгүй удаан хугацаанд ашигласны улмаас элэгдэлд орсон” гэж дүгнээд, холбогдох бичиг баримтыг нь өгөөд явж. Өөр нэг судлаач эрдмийн зэрэг горилох ажлаа хийхийн тулд долоо хоногийн нэг өдөр чөлөө авах зайлшгүй шаардлагатайгаа удирдлагадаа мэдэгдэж. НЭМҮТ-ийн захирал нь цалинтай чөлөө олгох тушаал ч гаргасан гэнэ. Гэтэл өдгөө нөгөө судлаачаа “Цалинтай чөлөөний 10 гаруй сая төгрөгөө төл” хэмээх болжээ. Энэ мэт олон жишээ баримтыг судлаач, мэргэжилтнүүд Засгийн газрын “Шүгэл” ажиллагааны мэдээллийг хүлээн авах ажлын хэсгийнхэн болон ХЭҮК-ынхонд бичиж өгсөн байгаа юм. Гэтэл хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөх болсон талаар бичсэн тухайн өргөдлийг ХЭҮК-ынхон салбарын яаманд нь шилжүүлж, ЭМЯ-ныхан дээрх төвийн захирал С.Өнөрсайханаас тайлбар авсан атлаа гомдол гаргагчдыг үл ойшоосон гэнэ. Энэ мэтээр хүний хөдөлмөрлөх эрхийн талаар гаргасан гомдлыг шалгаж шийдвэрлээгүйгээр барахгүй удирдах албан тушаалтанд нь дамжуулан хүргэсэн ХЭҮК-ынхны үйл ажиллагааны талаар НЭМҮТ-ийн судлаач, эрдэмтэд олон улсын хүний эрхийн байгууллагад мэдээлэл хүргүүлнэ гэдгээ ч илэрхийлсэн аж.
НЭМҮТ-ийн захирлаар Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав агсны охин, доктор, дэд профессор С.Өнөрсайхан 2022 оны есдүгээр сард томилогдсон. Уг албан тушаалд томилогдохоосоо өмнө тус төвийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байж. “Ковид-19”-ийн гэх хууль үйлчилж байхад сонгон шалгаруулалтгүй томилогдсон гэж хамт олон нь хэлж буй тэрбээр Төрийн албаны зөвлөлийнхний хараа хяналтаас холуур өнгөрсөн нь хачирхалтай. Уг нь тус зөвлөлөөс “Сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон төрийн бүх албан хаагчийг чөлөөлөх, сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах” шийдвэр гаргасан нь НЭМҮТ-ийн захиралд хамаараагүй аж. Үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ахлах зөвлөх, дээрх зохиолчийн хүү С.Лүндэгтэй ч холбож үзэх хүн цөөнгүй.
НЭМҮТ дотроо Хоол судлалын, Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс сэргийлэх, Орчны эрүүл мэндийн, Тархвар зүй, шуурхай удирдлагын, Биотехнологи инновацын гэсэн албатай. Тэдгээр албанд НЭМҮТ-ийн удирдлага нь мэргэжлийн бус гэж хэлж болохуйц хүмүүсийг даргаар томилсон байх юм. Тухайлбал, Хоол судлалын албаны даргаар англи хэлний багш мэргэжилтэй нэгэн томилогджээ. Орчны эрүүл мэндийн албыг хүнсний технологич мэргэжилтэй нэгэнд хариуцуулсан гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийнх нь даргаар эрхзүйч мэргэжилтэй хүн ажиллах болж. Угтаа нийгмийн эрүүл мэндийг эмч хүн хариуцан, бодлогыг нь тодорхойлж баймаар. Орчны эрүүл мэндийн албыг хүнсний технологич бус, эрүүл ахуйч, тархвар судлаач хүн хариуцах ёстой юм билээ. Үүнээс үзэхэд боловсон хүчний бодлогоо гажуудуулж, ойр дотнын хүмүүсээ албан тушаалд томилж байна уу гэлтэй. Ингэхдээ тухайн албан тушаалд тавих шаардлагуудыг ч үл ойшоож буй аж. Тухайлбал, Орчны эрүүл мэндийн албаны даргаа ажлаас нь чөлөөлөөд, оронд нь томилох хүний сонгон шалгаруулалт зарлажээ. Ингэхдээ хэн нэгэнд тусгайлан зориулсан гэлтэй, шалгуурыг нь эрс доошлуулсан байх юм. Тодруулбал, эл албаны даргын шалгуур нь доктор зэрэгтэй байхаар тусгаж байж. Учир нь удирдлагад нь магистр, доктор зэрэгтэй судлаачид ажилладаг болохоор ийм өндөр шалгуур тавьдаг бололтой. Гэтэл саяхан зарласан уг албаны даргад тавигдах шалгуурт бакалавр зэрэгтэй байхаар тусгажээ. Энэ бол яалт ч үгүй хэн нэгэн хүнд зориулсан сонгон шалгаруулалт гэдгийг захын хүн ойлгоно. Шинжлэх ухаанд өөрсдийгөө зориулсан магистр, докторууд ч бакалавр зэрэгтэй, судалгаа шинжилгээний ажил бараг хийж үзээгүй хүнээр удирдуулахгүй хэмээн эсэргүүцэх явдал ч НЭМҮТ-д үүсэж буй гэнэ. Түүнчлэн тэтгэврийн насанд хүрсэн гэх шалтгаанаар мэргэшсэн хүмүүсээ чөлөөлж буй атлаа гавьяаныхаа амралтыг эдэлж суугаа нэг бус хүнийг ажилд авсан нь шударга явдал мөн үү.
Энэ мэт асуудал тулгарсан учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Засгийн газрын “Шүгэл” ажиллагаа хариуцсан ажлын хэсгийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ч НЭМҮТ-д анхаарлаа хандуулах ёстой болжээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа