Т..Боули “Челси”-г худалдаж авсныхаа дараа эрс өөрчлөлт хийхээ зарлаж байлаа. Үүнд нь дасгалжуулагч нарыг байнга халж сэлгэдгийг зогсоох ч багтсан юм. Тухайн үед Т.Тухель Р.Абрамовичийн эриний 13 дахь дасгалжуулагч нь байв. 2007 онд Ж.Моуриньо явснаас хойш нэг ч дасгалжуулагч албан тушаалдаа гурваас олон жил тогтоогүй агаад эл арга барилыг өөрчлөхийг Т.Боули маш их хүсэж байсан юм. Тийм ч учраас Т.Тухельд бүрэн итгэл хүлээлгэж буйгаа илэрхийлж байлаа.
Гэвч америк эзэн амлалтдаа хүрсэнгүй, хөгжөөн дэмжигчид ч түүний эрс шийдвэрийг удаан хүлээсэнгүй. Хорватын “Динамо” багт хожигдсоны дараа Т.Тухелийг багийн эзэд халсан нь фэнүүд төдийгүй дасгалжуулагчид ч цочрол өгөв.
Логик шалтгаан бус, сэтгэл хөдлөлд үндэслэж гаргасан эл шийдвэрийнхээ дараа Т.Боули багийн эзний хувиар анхныхаа амаргүй сорилттой тулгарсан. Т.Тухелийн халааг авах мэргэжилтэн нь Т.Боулигийн алсын хараанд нийцэж ажиллахын зэрэгцээ герман дасгалжуулагчаас илүү сайн байх ёстой болов. Чухам энэ тал дээр шийдвэр гаргахдаа багийн эзэн том алдаа гаргасан нь өдгөө илт боллоо. Өөрт нь бүрэн итгэж буйг харуулахын тулд шууд таван жилийн гэрээ амласан дасгалжуулагч Г.Поттер нь үнэндээ “Челси”-г удирдахад бэлэн биш байжээ.
Энэ удаад Т.Боулигийн сонголт алдаатай байсан ч тэрбээр үүнийгээ хүлээн зөвшөөрөлгүй удсан. Гэхдээ англи дасгалжуулагчийг халахдаа ч сэтгэл хөдлөлдөө автав уу гэсэн таамаг төрөхөөр байна. Учир нь “Ливерпуль”-ийн эсрэг тоглолтоос хоёр өдрийн өмнө, “Реал”-тай хийх тулаан ойртож буй үед ийм чухал шийдвэр гаргах нь зөв байсан, эсэхэд олон мэргэжилтэн эргэлзэж байгаа юм.
Өдгөө “Челси”-гийн байдал амаргүй байна. Нэг улиралд хоёр ч ерөнхий дасгалжуулагчийг халсан багт гурав дахь нь болж ирэх алдар нэртэй мэргэжилтэн тийм ч олон биш. Гэхдээ шинэ дасгалжуулагчид нэг давуу тал байгаа нь баг бүрэлдэхүүнтэй танилцаж, ирэх улирлын тактик хувилбаруудаа бэлтгэх хангалттай хугацаа юм. Премьер лигийн дөрөвдүгээр байрт орох боломж бараг үгүй, бусад тэмцээнээс төдий л амжилт хүлээхээргүй байна. Тиймээс улирлын үлдсэн тоглолтуудад өндөр үнэтэй олон тоглогчоо хэрхэн тултал нь ашиглахаа шинэ босс туршиж болох юм. Тэгвэл шинэ дасгалжуулагч хэн байж болох вэ? Английн хэвлэл мэдээллээр гурван дасгалжуулагчийн нэр хамгийн олон яригдаж байна.
Ю.Нагельсманн
Саяхан “Байерн”- аас халагдсан герман дасгалжуулагчийн нэр хамгийн эхэнд яригдаж буй ч “Sky Germany”-гийн мэдээллээс үзвэл түүнийг сонгох магадлал 50 хувьтайаж. Ю.Нагельсманн зун хүртэл ямар нэг санал авах бодолгүй байгаа. Учир нь тухайн үед түүний үнэ цэн бүр нэмэгдэнэ. Түүнийг “Тоттенхэм” сонирхож буй, “Реал”-д мөн дасгалжуулагчийн сул тоо гарна. Байдлыг хүндрүүлж буй өөр нэг хүчин зүйл бол “Байерн” багтай байгуулсан түүний гэрээний нөхцөл юм. Хэрэв “Челси” түүнтэй улирал дуусахаас өмнө гэрээ байгуулбал Германы багт нөхөн төлбөр өгөх ёстой болно. Г.Поттерыг халж нөхөн төлбөр өгөх ёстой болсон тус баг дахин их мөнгө зарлагадах гэж яарахгүй болов уу.
М.Почеттино
Т.Боули түүнийг бүр өнгөрсөн есдүгээр сард дасгалжуулагчаа болгохыг хүссэн ч эцэстээ түүнээс татгалзсан гэдэг. Аргентин дасгалжуулагчийг Ю.Клопп, П.Гвардьола нартай өрсөлдөх ур чадваргүй гэж тухайн үед “Челси”-гийн удирдлага үзсэн аж. Өнгөрсөн хоёрдугаар сард түүнийг авахаар ярилцсан ч М.Почеттино татгалзсан гэж ойрын эх сурвалжууд мэдээлж байв. Тэрбээр нэгэнтээ “Би хэзээ ч “Арсенал”, “Барселона”-гийн дасгалжуулагч болохгүй. Учир нь би өөрийгөө “Тоттенхэм”, “Эспаньол”-той л холбож боддог” гэж ярьж байсан. Тиймээс тэрбээр Англид өөр баг удирдах хүсэлгүй байж болох юм.
Л.Энрике
2022 оны ДАШТ-ээс хойш ажилгүй байгаа Л.Энрике гурав дахь сонголт болж байна. Испани дасгалжуулагч ч ажилгүй удаан суухгүй, баг удирдахыг хүсэж байгаа гэж Ф.Романо мэдээлсэн. Л.Энрике өмнө нь “Англид ажиллаж үзэхийг хүсэж байна. Дэлхийн аваргын тэмцээн дууссанаас хойш би Испанийн бус, зөвхөн Английн хэвлэл мэдээллийг л унших болсон” гэж ярьж байв. Гэхдээ түүний ашигладаг тоглолтын арга барил “Челси”-д тохирох, эсэх нь эргэлзээтэй.
Дээрх гурван дасгалжуулагчаас гадна Л.Спаллетти, Р.Аморим нарын нэрс дуулдаж буй. Гэхдээ л улирал дуустал “Челси”-гийн ерөнхий дасгалжуулагчийн үүргийг Б.Сальтор түр гүйцэтгэх магадлал өндөр байна.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар