“Бусадтай харилцах, нийгмийн харилцаанд орох, мэдээллийг хүлээн авч ойлгох чадварт нөлөөлдөг насан туршийн өргөн хүрээний эмгэг” гэх тодорхойлолттой аутизмын талаар монголчууд нэг үеэ бодвол ойлгож, мэдэрч, хандлагаа өөрчлөхийг хичээх болжээ. НҮБ-аас аутизмтай иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2008 оны дөрөвдүгээр сарын 2-ноос эхлэн жил бүр Аутизмын хүрээний эмгэгийг таниулах өдрийг тэмдэглэж буй. Манай улс 2014 оноос хойш энэхүү өдөрт нэгдэн, жил бүр тэмдэглэж, аутизмыг олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулдаг болсон. Үүний хүрээнд өчигдөр Сүхбаатарын талбайд 11.00- 17.00 цагт “Аутизм бол ертөнцийг бусдаас өөрөөр харах өнцөг. Хандлагаа өөрчилье, эергээр хүлээж авъя” уриатай өдөрлөг зохион байгуулав.
“Аутизмд хийсэн аялал” НҮТББ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллага үүнд нэгдэж, үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл түгээлээ. Өдөрлөгт оролцсон аав, ээжүүд “Нэгнээ байгаагаар нь хүлээн авч, мэдэхгүй зүйлсээ өөрийн бодлоор ярьж, дүгнэхгүй байх нь бидний хийж чадах зүйл. Энгийн нийгмийн харилцаанд орохоос айдаг, өөрийн бяцхан ертөнц дотроо амьдардаг, сэтгэл зөөлөн, гэнэн итгэмтгий, онцгой хүүхдийг шүүх бус, аутизмыг зүгээр л ойлгож, хүлээн зөвшөөрч байгаарай. Томчууд бид ялгаатай байдлыг ойлгож, хүлээн зөвшөөрөх нь хамгийн том алхам” хэмээн ярилаа. Аутизмын шалтгааныг шинжлэх ухаан одоо ч олж нээгээгүй хэвээр байна.
Бэлтгэсэн: Ю.Төгс