-ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхний өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн хөрсний судалгаагаар нийт дээжийн 88 хувьд нянгийн бохирдол илэрчээ. Судлаачид үүнийг гэр хорооллын 200 мянга гаруй өрхийн нүхэн жорлонгийн ялгадас, угаадас газарт шууд нэвчиж байгаатай холбоотой гэж дүгнэсэн юм.
-ДЭМБ 2020 онд манай улсад судалгаа хийж, цусан суулга өвчний тархалт нэмэгдэх хандлагатай хэмээн дүгнэсэн бөгөөд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 9.9 хувь нь өвчтөнөөс, 90.1 хувь нь орчны бохирдлоос үүдэлтэйг тогтоосон байна.
-УСУГ-ынхан бохир зөөвөрлөх үйлчилгээ үзүүлэгч 49 иргэн, аж ахуйн нэгжийн төв шугамд нийлүүлж буй уснаас өнгөрсөн жил 63 дээж авч, лабораторид шинжлэхэд 78 хувь нь MNS 6561:2015 “Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ерөнхий шаардлага” стандартаас давсан бохир, умбуур бодисын агууламж 3-140 дахин өндөр гарчээ.
Стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламж байгаль орчин, хүний эрүүл мэндэд хэр хэмжээний хор уршиг учруулж байгааг мэргэжлийн байгууллагуудаас өгсөн дээрх мэдээлэл, баримт харуулж байна. Цаашид үүнд дорвитой анхаарч, шийдэхгүй бол эдгээр үзүүлэлт, хохирлын хэмжээ улам нэмэгдэх нь. Монголчууд өнгөрсөн жилүүдэд модон жорлонгийн тухай бишгүй ярьсан. Энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрт ч чамлахааргүй хөрөнгө зарцуулсан. Даанч байгаа оносон нь тун цөөн. Аялал жуулчлалын гол бүс гэгддэг Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газарт гэхэд сайжруулсан, стандартын гэх “хулхи” байгууламж барих нэрийдлээр өчнөөн тэрбум төгрөг салхинд хийсгэсэн байдаг. 2018 онд Азийн хөгжлийн банкны 38 сая ам.долларын санхүүжилттэй, “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд нуурын эргэн тойронд цөөнгүй ариун цэврийн байгууламж байгуулсан ч өнөөх нь аялагчдын гарын ая даалгүй удалгүй эвдэрч, бохир нь хальж бөөн асуудал үүсгэсэн. Ганц жишээ дурдахад л ийм байна.
ХААЦАЙЛДАГ ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨХ НЬ ЧУХАЛ
Модон жорлонг халъя гэвэл иргэд, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн төр, засаг энэ чиглэлд тууштай, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх нь чухал. Монголчууд нүхэн жорлонг нийгмийн хөгжлийг үнэлэх нэг төрлийн “хэмжүүр” болгож ярьдаг. “Аймаг, сумд нүхэн жорлонгоосоо салаагүй байж 100 жилийн ойгоо нүсэр тэмдэглэлээ”, “Наанадаж модон жорлонгоо шийдчихээд аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай ярья”, “Стандартын ариун цэврийн байгууламж бий болгочихоод сая жуулчин хүлээж авах зорилт тавих хэрэгтэй” хэмээн шүүмжлэлтэй ханддаг ч жорлонгийн тухай хөндөж, асуудал дэвшүүлсэн хүмүүсийг үздэггүй. Хэн нэгэн улстөрч, албан тушаалтан энэ талаар ярьж эхлэнгүүт “Үүнээс өөр ярих, хийх ажил алга уу” гэж нийгмээрээ бухимддаг. Улсаас ямар нэгэн ажил хийх болоход “Төр жорлонгийн асуудалд хутгалдлаа”, “Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах гэлээ” гэж зад шүүмжилдэг.
Зарим нь бүр хүлээн зөвшөөрөх хандлагатай байдаг. Үүнийгээ нүүдлийн болон суурин амьдралын хэв маяг хосолсон онцлогтойгоо холбож тайлбарлах нь ч бий. Газар тариалангийн гол бүс нутагт тооцогддог, тус салбарын амжилтаар улсдаа дээгүүрт жагсдаг гэх нэгэн сумын бодит байдлыг сурвалжилсны дараа удирдлага нь “Чи манай сумыг модон жорлонтой гэж бичиж, гутаалаа. Сум болгон ийм байгаа. Нийслэл ч нүхэн жорлонгоосоо салж чадаагүй байхад ганц манайхыг ингэж шүүмжлэх нь зохисгүй” хэмээн цамнасан. Байр сууриа илэрхийлсэн иргэд нь ч Засаг даргынхаа даалгавраар хэлсэн ярьснаасаа буцаж “Нутаг усыг минь ийм зүйлээр гутаан доромжлохыг зөвшөөрөхгүй шүү. Гомдол гаргана” гэж хэдэн өдөр утсаар “дарамталсан” юм. Модон жорлонгоосоо салах дургүй, байх л ёстой зүйл мэт ойлгодог, энэ талаар ам нээсэн нэгнийг буруутгадаг, шүүмжлэхээс, ярихаас хэтэрдэггүй ийм хүмүүсийн уршгаар өдгөө манай улс орчны бохирдол, доройтол, түүнээс үүдэлтэй халдварт өвчлөлд нэрвэгдчихээд байна. Товчхон хэлбэл, бид өнгөрсөн жилүүдэд өмхий жорлонгоо шинэчилж, халж чадахгүй амаа дарж, “тойрч гүйсээр” байгаад л өнөөдөртэй золгожээ.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө “Гэр хороолол болон аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” арга хэмжээ хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг бууруулна” гэж тусгасан. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд холбогдох байгууллагууд модон жорлонгийн асуудалд анхаарч эхэлсэн бололтой. БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, ДЭМБ, МҮХАҮТ хамтран өнгөрсөн баасан гарагт “Жорлон” сэдэвт үндэсний чуулган зохион байгууллаа. Зарим нь уг арга хэмжээнд бас л шүүмжлэлтэй хандана лээ. Яагаад энэ сэдвээр чуулж, гарц шийдэл эрэлхийж болохгүй гэж. Хэдий хүртэл жорлонгоосоо цэрвэж, “тойрч гүйсээр” байх вэ. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан эрүүл мэндийг дэмжих, баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, экосистемийг хамгаалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн зорилтыг биелүүлэхийн тулд стандартын бус ариун цэврийн байгууламжуудыг халахаас өөр аргагүй шүү дээ. Үүний цаана дан ганц хөрс, усны бохирдол бус, хүн амын эрүүл мэнд, амь, улс орны нэр хүндтэй холбоотой асуудал бий.
“Жорлон” үндэсний чуулганд оролцсон бизнес эрхлэгчид орчин үеийн шийдэл бүхий сайжруулсан жорлон, бага оврын цэвэрлэх байгууламж зэрэг бэлэн бүтээгдэхүүн танилцуулсан бол бодлого, шийдвэр гаргах түвшний хүмүүс төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хөнгөлөлттэй зээл, урамшуулал (бага оврын цэвэрлэх байгууламж, био жорлон байгуулахад зориулж) олгох замаар модон жорлонг хэрэглээнээс халах шийдлийг түлхүү дэвшүүлэв.
ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ТОМ ДУУГАРАХ ХЭРЭГГҮЙ
Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Үүний хүрээнд нислэгийн тоог нэмэх, визийн шаардлагыг сулруулах, гадаад маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх, зорилтот зах зээлийн орнууд руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэргээр олон талт арга хэмжээ авч байна. Гэвч жуулчдыг татаж, тэднийг тав тухтай аялах боломж нөхцөлөөр хангахын тулд хамгийн түрүүнд ариун цэврийн байгууламжаа шийдэх нь чухал. Монголыг зорин ирсэн жуулчдыг хамгийн их гонсойлгодог зүйл нь энэ. Стандартын хувьд ч, хүртээмжээрээ ч тэр. Гурван жуулчин тутмын нэг нь жорлон, хог хаягдлаас болоод сэтгэл дундуур буцдаг гэсэн судалгааны үр дүн ч бий. Үүнийгээ шийдэж чадаагүй байж “Манай оронд зочлооч” хэмээн урьж залах нь нэг ёсны доромжлол юм.
Өнгөрсөн оны судалгаагаар нийслэлд 200 мянга гаруй, улсын хэмжээнд аялал жуулчлалын бүс нутагт 2523 стандартын бус модон жорлон байгааг тогтоожээ. Газар зүйн байршлыг нь харахад Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл зэрэг үзэсгэлэнт байгальтай, аялал жуулчлалын гол маршрут болсон газарт модон жорлон хамгийн олон байна.
Тухайлбал, Архангайн аялал жуулчлалын гол бүсэд 300 гаруй жорлон байсны 204-ийг нь өнгөрсөн онд буулгажээ. Энэ онд 82-ыг буулгаж, шинэчлэх зорилт дэвшүүлжээ. Аялал жуулчлалын бүс дэх модон жорлонгийн тоог 2022 онд 909-өөр цөөрүүлсэн бол энэ жил 982-ыг буулгахаар төлөвлөснийг холбогдох байгууллагынхан мэдээлэв. Одоо 1614 бий гэсэн үг. БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од “Өнгөрсөн хугацаанд хийж чадаагүй олон ажлыг бид хувийн хэвшлийнхэнтэй хамтран хэрэгжүүлж, шийдэл эрэлхийлж байна. Ирэх тавдугаар сарын сүүлч гэхэд жуулчлалын үндсэн маршрутуудын дагуу стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж бий болгох зорилт дэвшүүлсэн” хэмээн үндэсний чуулганы үеэр мэдэгдсэн. Түүнчлэн тусгай хамгаалалттай бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудыг нүхэн жорлон ашиглахыг хориглосон, аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуух 39 байршилд, 200-250 км тутамд нийтийн ариун цэврийн байгууламж бүхий үйлчилгээний цогцолборуудыг хувийн хэвшилтэй хамтран байгуулахаар ажиллаж байгааг дурдав.
Яамны мэргэжилтний ярьж буйгаар бол Засгийн газар эхний ээлжид аялал жуулчлалын бүс дэх жорлонгуудыг шинэчлэхээр зорьж байгаа гэнэ. Гэхдээ төлөвлөсөн хугацаандаа амжих, ярьсан зүйлсээ яг таг хэрэгжүүлэх, эсэх нь бүрхэг. Хэрэв үүнийг шийдэж чадахгүй л бол аялал жуулчлалын салбарт лав гавьтай өөрчлөлт гарахгүй. Жуулчдыг урин дуудах хэрэг ч байхгүй. Урьдын адил нэг сая жуулчин хүлээж авах мөрөөдөлтэйгөө л үлдэнэ гэсэн үг. 2025 он хүртэл “Модон жорлонтой Монголд зочлох жил” хөтөлбөр хэрэгжүүлэх болно.