Дотоод орчны бохирдлын улмаас хүүхдүүд олон төрлийн өвчлөлд өртөж байгаа талаар мэргэжлийн эмч, судлаач нар өчигдөр уулзаж, мэдээлэл солилцлоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс уг арга хэмжээг санаачилсан юм. Эл уулзалтаар сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг голчлон хөндлөө. “Хүүхэд өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг цэцэрлэг, сургуулийг засахдаа хамгийн хямд, муу материал ашиглаж байна. Наймдугаар сард засвар эхлүүлээд, есдүгээр сард будаг нь ханхалсан танхимд хүүхдүүдийг хүлээн авдаг. Үүнээс болж хэчнээн хүүхэд хордож, хүндээр өвчлөхийг бид мэдэхгүй. Тиймээс тендерэээрт зарлаж, засварын ажлаа зургадугаар сард багтаан дуусгахыг эцэг, эхчүүд шаардах цаг болсон. Засвараа эрт хийчихвэл будаг, цавуунд агуулагддаг дэгдэмхий нэгдлүүд задарч, хоруу чанар нь багасна. Ерөнхий боловсролын сургуулиудын анги танхим дахь РМ2.5 тоосонцор хүлцэх хэмжээнээс 3.1-10.5 дахин өндөр гэсэн судалгааны дүн гарсан.
Дотоод орчны агаарын бохирдол гаднахаасаа ч аюултай. Тиймээс дотоод орчны агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай юм. 0-5 насны хүүхдийн эндэгдлийн 45 хувь нь дотоод орчны агаарын бохирдлоос шалтгаалсан гэх судалгааны дүн бий” хэмээн хүний их эмч, орчны эрүүл мэнд судлаач Л.Дэлгэрзул ярилаа. Зөвхөн сургууль, цэцэрлэг гэлтгүй иргэд ч гэртээ амьдрангаа засвар хийх нь буруу гэдгийг мэргэжилтнүүд зөвлөв. Учир нь хортой будаг, чанаргүй барилгын материал зэргээс болж хүүхэд насан туршдаа багтраа өвчтэй болох эрсдэлтэй. Улмаар үүнээс ч хүнд олон төрлийн өвчлөлд өртөх магадлалтай аж.
Бэлтгэсэн: Ю.Төгс