ХААН Банк өөрийн үнэт зүйлдээ тусгасан “Тогтвортой хөгжилд түүчээлж ажиллах” зорилгынхоо хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийг жендэрийн тэгш байдлаар хангах, бизнесээ өргөжүүлэх, амжилттай удирдан манлайлахад нь тусалж дэмжсээр ирсэн. Дэмжлэгийн цар хүрээнд ЖДБДТ-өөрөө дамжуулан сүүлийн гурван жилийн хугацаанд 1,000 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчийг менежментийн чадавхжуулах сургалтад үнэ төлбөргүй хамруулжээ. Төслийн ажлын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж, тэдэнд үзүүлэх дэмжлэг туслалцаа, санхүүжилтийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрөл улам бүр өргөжсөөр байна.
ХААН Банк эмэгтэй бизнес эрхлэгч харилцагчдаа дэмжих, үйлчилгээгээ ойртуулахад илүүтэй анхаарч, ЕСБХБ-наас 10 сая ам.доллар, Олон улсын санхүүгийн корпорациас 65 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ. Үүнтэй холбогдуулан “Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийнхөө нээлтийг 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдөр ХААН Банк цамхагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 70 гаруй төлөөлөл, ЕСБХБ-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай, Олон улсын санхүүгийн корпорацийн санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнх нарын тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Арга хэмжээний нээлтийн үеэр ХААН Банкны Гүйцэтгэх захирлын орлогч Б.Эрдэнэдэлгэр “Монгол Улсын бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал өндөр. Өнөөдөр тогтвортой, амжилттай үйл ажиллагаа явуулж буй үндэсний олон аж ахуйн нэгж, бизнесүүдийг эмэгтэйчүүд удирдаж байна. 2022 оны байдлаар бид ЖДБ-ийн салбарын 19,000 эмэгтэй бизнес эрхлэгчид 856,4 тэрбумын төгрөгийн бизнесийн зээл олгосон байна. Манай нийт зээлийн багцын 48 хувийг эмэгтэйчүүд, ЖДБ-ийн зээлийн 51 хувийг эмэгтэй бизнес эрхлэгч нар эзэлж байна. Мөн иргэдийн банкны нийт зээлийн 47%, хадгаламж эзэмшигчдийн 48.5%-ийг эмэгтэйчүүд эзэлж буй нь монгол эмэгтэйчүүдийн санхүүгийн чадавх харьцангуй сайн байгааг харуулж байна” хэмээн онцолсон юм.
Төслийн нээлтийн үеэр “Ногоон санхүүжилтийн боломжууд”, “Хамтдаа суралцаж боломжоо ахиулъя”, “Макро эдийн засгийн орчин” сэдвээр өртөөчилсөн уулзалтууд явагдаж, бизнесээ хэрхэн ногооруулах, ногоон бизнесийг дэмжих зориулалттай зээлийн нөхцөлүүдээ бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд танилцуулсан юм. Мөн тэдэнд эдийн засгийн орчин болон хөрөнгийн зах зээлийн тухай мэдээлэл, макро орчны нөхцөл байдлыг хэрхэн мэдрэгээр уншиж, бизнесээ удирдахад хэрхэн ашиглах талаар зөвлөгөө мэдээллүүдийг цогцоор нь өглөө.
ЕСБХБ-ны Төв Азийн бүсийн захирал Сюзанна Харгитай:
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд та бүхэн хэрхэн анхаарч, тэдэнд ямар дэмжлэг үзүүлж байна вэ?
Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ЕСБХБ сүүлийн таван жил ажиллаж байна. Бидний дэмжлэг гурван чиглэлээр хэрэгждэг. Нэгдүгээрт, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, зээлийн санхүүжилтийг илүү өргөн цар хүрээтэй болгох зорилготой. Үүний тулд бид ХААН Банкны энэ арга хэмжээг дэмжин хамтран оролцож байна.
Хөтөлбөрийн тусгайлсан зээлийн шугамууд буюу эх үүсвэрүүдийг нь бид бүрдүүлж ажилладаг. Гэхдээ бид зөвхөн санхүүжилт өгөөд орхилгүй бусад зохих дэмжлэг, туслалцаа, зөвлөгөөг дагалдуулдаг. Үүний хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сүлжээг бүрдүүлэх нь маш ач холбогдолтой гэж үзээд ийм сүлжээ бүрдүүлэхээр ажиллаж байна.
Мөн Менторын хөтөлбөрийг тасалдуулалгүй хэрэгжүүлэх нь чухал. Хөтөлбөрийнхөө цар хүрээг тэлж дараагийн шатны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь үүний нэг жишээ. Мөн дотоодын болон гадаадын зөвлөхүүдээр дамжуулан хүргэх олон төрлийн дэмжлэг байна. Маркетинг, санхүүгийн удирдлага, хүний нөөцийн удирдлага гэх мэтчилэн практик чиглэлд шаардлагатай дэмжлэгүүд бид үзүүлдэг.
Харин хоёр дахь чиглэлийн дэмжлэг эхнийхийгээ хүчирхэгжүүлж явдаг бол гурав дахь дэмжлэг нь ерөнхийдөө бодлогын чиглэлтэй. Эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдгийг албан ёсоор тодорхойлохоос эхлээд олон янзын бодлогын асуудал бий. Үүний хүрээнд бид бизнесийн таатай нөхцөл бүхий бодлогын орчин бүрдүүлэхэд анхааран ажилладаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол Улс энэ чиглэлд идэвхтэй ажиллаж байна гэж үзэж болно.
ЕСБХБ нь Монгол Улстай хамтран ажиллаж эхэлснээс хойш хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
ЕСБХБ нь Монгол Улстай хамтран ажиллаж эхэлснээс хойш даруй 20 жил өнгөрсөн. Энэ хугацаанд олон зүйлд хамтран ажиллаж өнөөг хүртэл 2.5 тэрбум ам.доллар бүхий хөрөнгө оруулалт хийсэн гэсэн тоо байна. Төр, хувийн хэвшлийг хамтад нь авч үзэх юм бол Оюутолгой төсөлд оруулсан бидний хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар. Үүний 1/3-ийг нь бид өөрсдийн хөрөнгийн эх үүсвэрээр бүрдүүлж, үлдсэнийг нь бусдаас дайчлан бүрдүүлсэн.
Сүүлийн дэмжлэгүүд ерөнхийдөө сангуудад чиглэсэн. Мөн Дархан чиглэлийн зам зэрэг дэд бүтцийн чиглэлээр хөрөнгө оруулж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Одоогоор ашиглалтад ороогүй ч нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой энэхүү бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орно. Мөн энэ долоо хоногт төрийн салбарын хөрөнгө оруулалтын төслүүдэд бид тохиролцоонд хүрч байна. Гэхдээ хувийн хэвшлийг орхигдуулалгүй онцгойлон анхаарч ажиллах болно. Манай банкнаас жилдээ ойролцоогоор 100-200 сая ам.долларын багц хэрэгжүүлдэг бөгөөд энэ оны багц төслүүдийн дүн ерөнхийдөө тодорхой болсон.
Бид ХААН Банктай олон жилийн туршид хамтран ажиллаж ойролцоогоор 230 сая ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр танилцуулж буй шинэ бүтээгдэхүүний хувьд 10 сая ам.долларын эх үүсвэр бүхий бүтээгдэхүүн. Гэхдээ энэ нь зөвхөн санхүүжилт бус техник туслалцаа хэлбэрээр олгож буй цогц дэмжлэг гэж хэлж болно. Байгууллагуудыг хөгжин дэвжих, төлөвшихөд нь дэмжлэг үзүүлж санхүүжилтийг олгодог гэсэн үг. Бид ХААН Банкийг энэ эх үүсвэрээ маш богино хугацаанд санхүүжилт шаардлагатай хүмүүст хүргэж дараагийн багц хэрэгжих боломжийг нээнэ гэдэгт найдаж байна.
Арга хэмжээнд уригдан оролцсон ЖДБ эрхлэгчдийн төлөөллийн сэтгэгдлээс:
Г.Нармандах- “Наруми” make up студийн үүсгэн байгуулагч
Бизнесийг амжилттай эрхлэхэд санхүүгийн ойлголтоос олон зүйл мэдэх шаардлага тулгардаг. Харин ХААН Банк үүнд зориулсан хоёр шат бүхий цогц сургалтыг зохион байгуулахад миний хувьд хоёуланд нь хамрагдаж чадсан нь азтай. Сургалтад хамрагдсанаар олон дэвшилтэт зүйл тохиосны нэг бол олон захиралтай нэг анги болж хүн бүрт тохиолдсон асуудлуудыг ярилцан шийдвэрлэж байсан. Бидний ихэнх нь хэрэгжүүлж буй төслүүд дээрээ асуудалтай болж таарсан. Үүн дээр нэг нэгэнтэйгээ туршлага солилцох, ноу-хаугаа ярилцах зэргээр өгөөжтэй нээлттэй арга хэмжээ болж өнгөрсөн. Одоо бид сургалтаас сурсан зүйлээ практик дээр амжилттай хэрэгжүүлж байна. Анх бизнесээ эхлүүлснээс хойш ХААН Банктай хамтран ажиллаж байгаа бидэнд үйлчилгээнүүд нь ч их ойр байдаг. Жижиг, дунд бизнес эрхлэгч нарт зориулсан Бизнес төвүүдээр нь очиж ямар ч хүндрэлгүйгээр хүссэн үйлчилгээгээ авч чаддаг нь маш дэмтэй байдаг.
О.Отгонжаргал- “Санжайн хишиг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Манай компани Монгол Улсад ургадаг өвөрмөц онцлог бүхий эмийн ургамлууд болон онцлог түүхий эдээр эрүүл мэндийн цай, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ чиглэлээр 2017 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жил бид ХААН Банкнаас зарласан нэгдсэн менежментийн сургалтад хамрагдсан. Энэхүү сургалт нь жижиг, дунд бизнес эрхлэгч бидэнд маш үр өгөөжтэй болж чадсан. Ерөнхийд нь хэлбэл энэ сургалт компанийнх нь үйл ажиллагаа жигдрээгүй, гарааны бизнес эрхлэгчдэд илүү үр дүнтэй байдаг. Үүнээс гадна сургалтын нэг давуу тал бол сургалтад хамрагдагч идэвхтэй суралцан байгууллагадаа, бизнестээ үр өгөөжөө үзүүлж чадвал амжилттай суралцсаныхаа төлөө ХААН Банкнаас шагнал авдаг явдал. Миний хувьд ХААН Банкнаас “Алибаба”-гийн онлайн зах зээлд бүтээгдэхүүнээ гарган гаргатал дэмжинэ гэсэн шагналыг хүртсэндээ маш урам зоригтой байгаа.
Б.Чанцалдулам- “Ургана” брэндийн үүсгэн байгуулагч
ХААН Банкнаас зохион байгуулж буй энэ үйл ажиллагаа маш өгөөжтэй санагдлаа. Бизнесийн гол гол асуудлууд хаана байгааг судалж, түүн дээр нь шийдлүүдийг олж зээлийн бүтээгдэхүүн гаргасан байна. Ялангуяа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг гэрээсээ ажилладаг ээж, бичил бизнес эрхэлдэг ээж зэрэг олон төрөлд хуваан ангилж сектор бүрт зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ гаргасан байна. Бичил бизнес эрхэлдэг бол босоо барьцаалсан зээл, бидэн шиг дэлгүүрүүд бэлтгэн нийлүүлэлт хийдэг үйлдвэрлэгчдэд зориулсан зээл гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхлэгч болгонд тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн гаргасан нь их таалагдлаа.
Бидний хувьд олон улсын жишгээр ийм олон төрлийн санхүүгийн үйлчилгээ байдаг гэдгийг танилцуулгаас олж мэдсэндээ баяртай байна. Хэрэв ийм гаргалгаанууд байдаг бол заавал их хэмжээгээр бараагаа нийлүүлж мөнгөө түгжихгүй өөр гарц гаргалгааг тухай бүрт нь банктай хамтран шийдээд явах боломжтой байдаг гэдгийг харлаа. Тэгэхээр энэ нь санхүүгээ зөв удирдах тал дээр бидэнд маш их үр дүнтэй ажиллагаа болж байна гэж үзэж байна.
С.Аззаяа “Доктор” авто сүлжээ ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Хэдийгээр бизнес эрхлээд 20 жил болсон ч эмэгтэйчүүд бидэнд бэрхшээл болон давуу тал тулгардаг. Бидэнд тулгардаг бэрхшээлүүдийг хөнгөвчилж байгаад ЕСБХБ болон ХААН Банканд талархаж байна.
Бидний хувьд ХААН Банкны сургалтуудад хамрагдаж, ЕСБХБ-ны менторын хөтөлбөрт хамтран оролцсон нь байгууллагад маань маш эерэг нөлөө үзүүлсэн. Манай байгууллага 13 франчайз салбартай бөгөөд дандаа гэр бүл удирддаг. Гэр бүл гэдэг албан бусаар хэлэхэд ерөнхийдөө эмэгтэй удирдлагаар явж, тус бүрийнх нь ард доод тал нь гурван гэр бүлийн амьдрал байдаг. Манай 13 компанийн 80 хувь нь эмэгтэй удирдлагатай. Учир нь эмэгтэй бизнес эрхлэгчид орон нутагт ч илүү идэвхтэй байдаг болохыг ХААН Банкнаас сая танилцуулсан судалгаа ч харууллаа. Харин манай компани авто салбарынх учир нийт ажилтны 80 хувь нь эрэгтэй ажилтнуудаас бүрддэг.
Бид ХААН Банкны “Алтан түнш” болсноос гадна ирэх онд нээлттэй компани болох зорилттой ажиллаж байна. Манай франчайз компаниуд ч ХААН Банктай харьцдаг. Бид анх 2018 онд франчайз нэвтрүүлэх гээд бүх банктай уулзсан. Тухайн үед франчайзын талаар ойлголт тааруу учир очоод нөгөөхөө л ярина. Ойлгохгүй. Харин тухайн үеийн ХААН Банкны байгууллагын банк хариуцсан дэд захирал өөрийн биеэр ирж бидэнтэй уулзан дэмжлэг үзүүлэхээ мэдэгдэж байлаа. Улмаар манай анхны орон нутгийн салбарууд болох Замын-Үүд, Мөрөн салбарт франчайзын зээлийг олгосон.
Одоо бол бидний амь дүйх жилүүд өнгөрч ойрын таван жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулдаг болохыг зорин ажиллаж байна. Яаж бүгд аз жаргалтайгаар ажилладаг болох вэ гэдэг зорилго руу бид явж байгаа учраас бидэнд “Ногоон зээл” маш чухал санагдлаа. Бид бүхий л салбараа ногоон болгохоор ажиллаж байгаа ч энэ нь орон нутагт ихээхэн хүндрэлтэй. Гэхдээ сая танилцуулсан илтгэлд “бүхий л салбарт ногоон байх боломж байдаг” хэмээн дурдсантай санал нэгдэж байна. Ялангуяа орон нутгийн салбарууд техникийн ашигласан тосоо хөрсөндөө асгадаг нь маш их эрсдэл дагуулдаг. Тиймээс бид “Доктор” авто сүлжээ нээгдсэн аймагт газрын хөрсөнд ашигласан тос шингээхийг зогсоож байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид Италийн “Разем” гэх технологиор тосыг шахан цуглуулна. Энэ технологи нь зам засварын ажилд ашиглагддаг. Үүнээс гадна жил тутамд хэдэн мянган тосны сав хаягддаг бөгөөд түүнийг дахин боловсруулах технологийг оруулж ирэх тал дээр ХААН Банктай хамтран ажиллах зорилготой байна.
Сурвалжилсан Ж.Батзул Business.mn сайт