“Петрочайна дачин Тамсаг”-ийнхан Монгол Улсын стандартыг мөрдсөнгүй
Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XXI талбайн орчимд олон тооны цагаан зээр үхсэнийг “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийн ажилчид булах гэж байсныг өдгөө холбогдох байгууллагынхан шалгаж хэлсэн билээ. Орон нутагт ажиллаж буй эх сурвалжуудын мэдээлснээр XXI талбайд ажилладаг ажилчдынх нь кэмпээс таван км-ийн зайд орших ахуйн хог хаягдлын цэгийн орчимд нүх ухаж, цагаан зээрийн сэг зэмийг булж байж. Энэ нь Монгол Улсад мөрдөж буй Мал, амьтны хүүр, сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэхэд тавих ерөнхий шаардлага, Мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх заавар, мал мнэлэг, ариун цэврийн холбогдох журам, стандартыг мөрдөлгүй, зөрчсөн нь тогтоогдсон гэнэ. Үүнд нь хууль хяналтын байгууллагаас хариуцлага хүлээлгэхээр зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд тэдний булж байсан сэг зэмээс дээж авч, зээр үхсэн шалтгааныг тогтоолгохоор шинжилгээнд хүргүүлж, хариу нь гарахыг хүлээж буй. Шинжээчдийн дүгнэлтийн дараа хуулийн хариуцлага хүлээлгэх талаар шүүх, прокурорын байгууллага шийдвэр гаргах аж. “Петрочайна дачин Тамсаг”-ийнхан “Хоол тэжээлийн дутагдалд орж үхсэн цагаан зээрийг цуглуулан булж, устгах гэж байснаа Матад сумын ЗДТГ-т мэдэгдсэн” хэмээн тайлбарлаж буй юм билээ.
Орон нутгийн зарим иргэний үзэж буйгаар энэ оны нэгдүгээр сарын 20-доор тухайн бүс нутагт рс хүйтэрч, -40 градуст хүрснээс зээр хөлдөж үхсэн байх магадлалтай гэнэ. Дорнод аймгийн нутгаар өнгөрөгч өвөл цас их орж, өдөртөө -25-30, шөнөдөө -40 градус хүрч байжээ.
Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт зээр олноороо хорогдсон тохиолдол ганц нэ биш. 2020 онд хачиг, арьсны гууртах өвчний тархалт ихэссэнээс олноороо үхсэнийг тус аймаг дахь тагнуул, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагынхан тогтоож байсан гэнэ. Мөн 2021 оны 7-8 дугаарсард үргэлжлэн орсон борооны дараа зээр тодорхойгүй шалтгаанаар хорогджээ. Үүний шалтгааныг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчнөөр халдварласныг тогтоосон аж.
“Петрочайна дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд БОАЖЯ-наас төлөвлөгөөт бус шалгалт хийхээр албаны хүмүүс газрын тосны XIX, XXI талбайд ажиллаж буй бөгөөд тэднийг дагаж хөндлөнгийн ажиглагчаар оролцохоор Б.Цэгмэд эргүүтэй төрийн бус байгууллагуудын төлөөлөл очсон байдаг. Энэ үед Б.Цэгмэдийн биед “Бронз стронг” компанийн хамгаалагч халдсан зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газрынхан Б.Цэгмэдээс тайлбар авахаар холбогдоход “Ямар нэг гомдол саналгүй, мэдүүлэг өгөх боломжгүй” гэсэн тухай мэдээлэл бидэнд ирлээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон