Банкны салбар болон манай улсын макро эдийн засгийн өнгөрсөн жилийн тойм, энэ оны төлөвийг Монголын банкны холбооноос өчигдөр танилцууллаа. 2022 онд банкны системийн актив өнгөрсөн жилийнхээсээ 3.4, нийт эх үүсвэрийн хэмжээ 1.5 их наяд төгрөгөөр өсжээ. Түүнчлэн иргэдэд олгосон зээлийн хэмжээ 2021 оныхоос 40 хувиар нэмэгдсэн аж. Ялангуяа цалин, тэтгэвэр болон хадгаламж барьцаалсан зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөгөөр өсөн, 9.1 их наядад хүрсэн гэнэ.
Харин бизнесийн салбарт олгосон зээлийн хэмжээ ердөө гурван хувиар нэмэгдэн 18.4 их наяд төгрөгт болжээ. Гадаад орчны тодорхойгүй байдал, инфляцаас шалтгаалж иргэдийн төгрөгийн хадгаламж 2.4 их наядаар багассан бол валютынх нь 900 тэрбум орчим төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар хадгаламжийн дундаж хүү 10.9, зээлийнх 15.7, бодлогын хүү 13.5 хувьтай байсан бөгөөд бодлогын хүүг аажмаар нэмэгдүүлж буйнь хадгаламжийн хүү өсөх нөхцөл, хүлээлт болж байгааг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар дурдлаа.
Цаашид хил, гаалийн нөхцөл хэвийн, урд хөрш цар тахлын эсрэг баримталж буй бодлогоо үргэлжлүүлэн сулруулах, мөн Оюутолгойн гүний уурхайн олборлолттой холбоотойгоор уул уурхайн салбарын өсөлт эрчимжин, эдийн засгийн нөхцөл байдал сайжрах хүлээлт бий гэнэ. Харин Орос, Украины нөхцөл байдал хэвээр удаан үргэлжлэх нь манай улсын гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ, иргэдийн худалдан авах чадвар, эдийн засгийн нөхцөл байдалд сөрөг үр дагавар үзүүлэх эрсдэлтэй, нийлүүлэлтээс шалтгаалсан инфляцын түвшин өндөр байх төлөвтэйг дээрх холбооныхон мэдээллээ.