Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн нэрийг олон нийтэд ил болгосныг салбарын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэв. Тодруулбал, дээрх сангийн цахим хуудсанд иргэдийн нэрийг тэтгэлэг, зээл авсан он бүрээр нь жагсаажээ. Ил болгосон мэдээлэлд тухайн иргэний овог, нэр, суралцсан улс, тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн нийт мөнгөн дүн зэргийг багтаасан байна. Тэдний дотор дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52 698 иргэн байна. Мөн буцалтгүй тусламжид хамрагдсан 154 662 иргэн бий аж. Үүнээс гадна гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалаврын түвшний 421, магистр, докторын 1950 суралцагчийн мэдээллийг байршуулжээ. Тус сангийн тэтгэлгээр гадаадад суралцсан оюутнууд сургуулиа төгсөөд эх орондоо ирж, тав болон түүнээс дээш жил ажилласнаар зээлээс чөлөөлөгддөг. Ийнхүү зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн бий гэнэ. Тэгвэл гэрээний үүргийн хугацаа дуусаагүй 700 иргэн өдгөө эх орондоо ажиллаж байна. Харин гэрээний үүргээ биелүүлээгүй 230 иргэн бий бөгөөд тэдний мэдээллийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх гэнэ. “Зээл авчихаад алга болсон 230 хүн байна. Хэн гэж хүн хэр хэмжээний мөнгийг Боловсролын зээлийн сангаас аваад, үүргээ биелүүлэхгүй алга болсныг хууль хяналтын байгууллагынхантай хамтран шалгаж, шүүхэд шилжүүлнэ. Мөн авсан зээлийг эргүүлэн төлүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ бол нийт 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дүн” гэж салбарын сайд хэлэв. Түүнчлэн тэрбээр дээрх сангаас зээл авсан хүмүүсийн мэдээллийг Монгол банкны Зээлийн мэдээллийн санд оруулахаар болсныг тодотголоо.