2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх тулаанууд маргааш эхэлнэ. Ойрын өдрүүдэд болох онцлох тоглолтуудын мэдээллийг хүргэе.
Эхний онцлох тоглолт нь “Евро-2020”- ийнфиналыг эрхгүй санагдуулна. Италийн шигшээ өнгөрсөн жилийн ДАШТ-д оролцож чадаагүй ч сүүлийн үед Английн шигшээг илүүрхэж буй. Тухайлбал, Лондонд Г.Саутгэйтийн багийг торгуулийн цохилтоор буулгаж авсан бол Үндэстний лигт гоолгүй тэнцэж, мөн 1:0-ээр хожсон. Эл хоёр багийн шинэхэн учраа нь Х.Кэйний хувьд онцгой болж магадгүй. Өнгөрсөн сарын эхээр “Тоттенхэм” багийн мэргэн бууч болсон тэрбээр ДАШТ-ий шөвгийн наймд Францын багийн эсрэг гоол оруулснаар 53 гоолтой болж, У.Рунитай тэнцсэн. Хэрэв тэрбээр Италийн хаалгыг “мялаавал” Английн багийн төлөө хамгийн олон гоолоруулсан тоглогч болох юм. 1962 оноос хойш дэлхийн аварга цолоо хамгаалсан анхны баг болох боломжоо Франц өнгөрсөн жил алдсан. Тэд Л.Месси тэргүүтэй Аргентины багт дийлдсэн билээ. Нидерландын шигшээ ч Францын адилаар дэлхийн аваргуудад ялагдсан, гэхдээ шөвгийн наймд. В хэсэгт учраа таарах эл хоёр багийн тоглолт нь “улбар шарууд”-ын боссын суудалд Р.Куман дахин заларсныг зарлана. Түүнчлэн Д.Блинд 100 дахь удаагаа шигшээ багтаа тоглох боломжтой.
Данийн нийслэлд хамгийн сүүлд зочлохдоо Финланд том тэмцээний хүрээнд анхны ялалтаа байгуулж байв. Харин “Евро- 2020”-ийнүеэр болсон эл хоёр багийн тулааны явцадК.Эриксен ухаан алдан эмнэлгийн тусламж авсныг хөлбөмбөг сонирхогчид санаж буй биз ээ.
“Наполи” баг Италийн “Сери-А” лигийг итгэл төгс тэргүүлж байна. Сүүлийн тойрогт тэд “Торино”-г 4:0-ээр бут ниргэхэд гүрж тоглогч Х.Кварацхелия гол баатар болж, нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгчээ. Ийнхүү тэрбээр “Сери-А”-д 12 гоол оруулж, 10 дамжуулалт өгөөд байна. Европын топ таван лигт тоглосон эхний улиралдаа эл хоёр үзүүлэлтээр 10-аас дээш оноо авсан тохиолдол хамгийн сүүлд 16 жилийн өмнө гарсан юм. Тодруулбал, бразил тоглогч Диего 2006-2007 оны улиралд Бундеслигт тоглохдоо “Вердер” багийн төлөө 13 гоол оруулж, 14 гоолын дамжуулалт өгч байжээ. Тухайн улиралд “Вердер” дөнгөж гуравдугаар байр эзэлсэн бол “Наполи” энэ жил ямар ч эргэлзээгүй аваргын төлөө өрсөлдөж байна.
Зөвхөн дотоодын лигээс гадна бүх тэмцээнийг оролцуулж тооцвол Хвичи нийт 30 гоолд (14 гоол, 16 дамжуулалт) шууд оролцсон. Эл үзүүлэлт цаашид ч өсөх боломжтой. Тэрбээр энэ долоо хоногт Монголын шигшээ багтай хийх нөхөрсөг тоглолтод оролцоод “Евро-2024”-ийн эрхийн төлөөх хэсгийн тоглолтдоо Норвегийн багтай тоглоно.
Харин “Наполи”-г “Сери-А”-гийн улирал дуустал 11 тоглолт хүлээж буй. Үүн дээр “Аваргуудын лиг”-ийн тоглолтуудыг нэмэх хэрэгтэй. Тиймээс гүрж залуугийн бахдам амжилт үргэлжлэх нь гарцаагүй.
ОНЦЛОХ ТОГЛОЛТУУД
Гуравдугаар сарын 23
С хэсэг: Итали - Англи
Н хэсэг: Казахстан - Словени, Дани - Финланд
Гуравдугаар сарын 24
В хэсэг: Франц - Нидерланд
Е хэсэг: Чех - Польш
F хэсэг: Швед - Бельги
Гуравдугаар сарын 25
А хэсэг: Испани - Норвег
Гуравдугаар сарын 26
С хэсэг: Англи - Украин, Мальта - Итали
Гуравдугаар сарын 27
В хэсэг: Ирланд - Франц
Гуравдугаар сарын 28
А хэсэг: Шотланд - Испани
D хэсэг: Турк - Хорват, Уэльс - Латви
16 жилийн өмнөх дээдамжилтыг эвдэв
Бэлтгэсэн Б.ЭНХ