Дэлхийн дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдрийг монголчууд тэмдэглэж байна. Тодорхой хэлбэл, бид хөдөлмөр эрхэлж, татвар төлөгч болно уриатайгаар тэмдэглэж байна. Анх АНУ-ын иргэн Мишель Левиц “Би нэг л зүйлийг олон нийтэд хүргэхийг хүсдэг. Дауны синдром гээч өвчнийг туссан хүмүүст ямар ч сонголт байгаагүй. Тэд ийм л төрсөн. Гэхдээ тэд эрүүл хүн шиг сэтгэж, ярьж чадна, учир нь тэд хүн. Ялгаатай нэг л зүйл бий. Тэр нь зүгээр л Даун гэх тодорхойлолт” гэж блогтоо бичжээ. Төрсөн цагаасаа хойш төрөл бүрийн эмчилгээ хийлгэж байгаа энэ эмэгтэй олон нийтэд хандаж энэ үгийг бичиж үлдээсэн байдаг.
Дауны синдром. Энэ бол шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн байдал зэргээс огт хамаарахгүй илрэх хромосомын эмгэг юм. Хэдийгээр хромосомын эмгэгүүдийг удамшлын өвчин гэж авч үздэг боловч тэд үеэс үед удамшиж дамжих нь ховор. Учир нь хромосомын эмгэг ихэнхдээ эрүүл хүмүүсийн бэлгийн эсэд үүссэн шинэ мутациар бий болдог.
Дэлхийн дауны өдрийг анх 2006 онд “Даун синдром интернэшнл” олон улсын ТББ-аас санаачлан 60 гаруй оронд тэмдэглэж эхэлсэн бөгөөд 2011 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргаж жил бүрийн гуравдугаар сарын 21-ныг Дэлхийн даун синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан юм.