Ухаалаг утасны хэрэглээг бууруулах санаачилга гаргажээ Өсвөр болонбага насны хүүхдүүд гар утасны зохисгүй хэрэглээ, дэлгэцийн донтолтод ихээр өртөх болсон. Гэтэл сургуулийн орчинд гар утсыг хэрхэнзохистой ашиглах чиглэлийн ямар нэгэн дүрэм, журам манайд байдаггүй. Тэгвэл Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас орон нутгийнхаа хүүхэд багачуудын дунд тулгамдаад буй энэ асуудалд анхаарч ажиллахаар болжээ. Эхний ээлжид орон нутгийнхаа зургаан сургууль, 14 цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдээс санал асуулга, судалгаа авчээ. Судалгааны дүнд Эцэг, эхчүүдийн зөвлөл болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар болсон байна. Тухайлбал, сургууль болон цэцэрлэгийн захиргаа, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн байгууллага, цагдаа, хүүхдийн байцаагч нар хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд зохих хэмжээний хязгаарлалт хийх аж. Уг судалгааны хүрээнд ямар ажлууд хийх талаар Сайншанд сумын Засаг даргын орлогч Д.Төмөрбаатар “Манай аймагт сургуулийн хүүхдүүдийн дунд гар утасны зохисгүй хэрэглээ маш түгээмэл байгаа нь эцэг, эхчүүдийн санааг зовоосон тулгамдсан асуудал болсон. “Ковид”-ын хоёр жилийн хугацаанд хүүхдүүдийн дунд дэлгэцийн донтолт нэлээд нэмэгдсэн. Тэр байтугай цэцэрлэгийн хүүхдүүд гурав, дөрвөн наснаас эхлээд утасны хамааралтай болсон байна. Эцэг, эхчүүдээс судалгаа авахад бага насны хүүхдүүд хичээл хийх цагийнхаа ихэнхийг утсаа ашиглахад зарцуулснаас сурлагын түвшин нь муудах, дөнгөж нэг, хоёрдугаар ангиасаа нүдний шил зүүж эхлэх, мөн багаасаа мэдрэлийн ядаргаанд орох зэрэг эрүүл мэндийн сөрөг нөлөө ажиглагдсан. Тиймээс орон нутгийн хэмжээнд бүх мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллана. Тухайлбал, ахуйн хүрээнд яаж утасны донтолтоос сэргийлэх зөвлөмжийг эцэг, эхчүүдэд өгнө. Мөн сургуулийн орчинд шаардлагатай бол ухаалаг утасны хэрэглээг бууруулах зохих хэмжээний хязгаарлалт хийхээр санаачилж байгаа” гэв.
Ж.Бурмаа