МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн БШУЯ-ны дэмжлэгээр “Монгол хэлний стандарт шалгалт, тест, программ хангамжийн тогтолцоо боловсруулах” төсөл хэрэгжүүлж буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл энэхүү ажлын хүрээнд хэл шинжлэлийн эрдэмтэд “Олон улсын монгол хэлний шалгалтын тогтолцоо” нэрийн доор “Үндсэн аргачлал”, “Программ хангамж, хэрэглэгчийн гарын авлага”, “Жишиг сорилго” гэсэн иж бүрэн ном хэвлүүлжээ. Ингэснээр гадаадын иргэд болон төрийн албан хаагчдын монгол хэлний мэдлэг чадварыг олон улсын түвшинд үнэлэх боломж бүрдэж буй юм байна. Эдгээрийг боловсруулахдаа олон улсад түгээмэл ашиглаж буй “Европын олон хэлний суурь хөтөлбөр”- ийн үндсэн зарчим, англи, франц, япон, хятад, солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын стандартыг харгалзсан гэж судлаачид дурдав. Ташрамд дурдахад, TOMFL буюу монгол хэлний олон улсын стандарт шалгалтын тогтолцоо бүрдүүлэх төслийн хүрээнд хэвлэмэл бүтээл (CD-тэй ном)-ээс гадна цахим программ нэвтрүүлэх юм.
Бэлтгэсэн Н.Мишээл