Энэ он гарснаас хойш ХДХВ/ДОХ-оор долоон хүн өвчилснийг илрүүлжээ. Үүнээс тав нь Улаанбаатарт, хоёр нь Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн аж. Уг тоог өн¬гөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад таван тохиолдлоор илүү байна. Түүнчлэн сүүлийн таван жилийн дундаж үзүүлэлтээс дөрвөөр нэмэгдсэн тоо аж. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн ХДХВ/ ДОХ-ын нийт тохиолдол хэдэд хүрснийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхнөөс тодруулахад “ДОХ манай улсад анх 1992 онд бүртгэгдсэн. Түүнээс хойш илрүүлсэн нийт тохиолдлын тоо өнгөрсөн оны байдлаар 346 байгаа юм. Энэ он гарснаас хойш илрүүлснийг тооцоход 353 болно” хэмээн мэдээлэв. Өнгөрсөн оны тухайд улсын хэмжээнд 19 хүн ХДХВ/ДОХ-ын халдвар авсан нь батлагджээ. Түүнчлэн уг өвчний улмаас нэг хүн нас барсан аж. Ингэснээр манай улсад эл өвчнөөр эндсэн хүний тоо нийт 58 болжээ.