“Альфабүүк” номын дэлгүүр 40 сая төгрөгийн шагналын сантай үндэсний хөтөлбөрийг зарлажээ. “Өглөөний уншлага” нэртэй эл хөтөлбөр нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлагдсан бөгөөд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ангиараа хамрагдах боломжтой гэдгээрээ онцлог юм. Өнөөдрийн байдлаар 4500 ангийн 150,000 орчим сурагч бүртгүүлж, хичээл эхлэхийн өмнө 10-15 минутыг ангиараа ном уншиж байна.
Эл хөтөлбөр хэрэгжсэнээр Хүүхдүүд дэлгэцийн хамааралтай биш ном унших дадалтай болж төлөвших, өөрийн насны онцлогт тохирсон номуудыг унших, алдаатай бичихээ болих зэрэг эерэг үр дүнгүүд гарна гэж зохион байгуулагчид үзжээ. Мөн тэд “Сургуулийн орчин дахь дээрэлхэлт, боловсролын тэгш бус байдлаас үүдэлтэй ялгаа, зохисгүй цахим хэрэглээ, хүүхдийн сэтгэл гутралын гээд олон асуудлын эсрэг маш энгийн гаргалгааг “Өглөөний уншлага” хийж чадна гэдэгт итгэлтэй байгаа” дурдсан.
Энэ төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж байсан сайн туршлагуудаас сонирхуулахад, 1988 онд Японы нэгэн тосгоны охидын сургуулийн хоёр багш “Өглөө болгон 10 минут бүх ангиараа ном уншвал ямар вэ?” гэж ярилцан, түүнийг туршиж үзжээ. Энэ туршилт яг л халдвар шиг тархсан байна. Тус сургуулийн бүх ангиуд өглөөний уншлагын цагтай болж, хүүхэд бүрийн цүнхэнд анги дээрээ ирээд унших ном нь байдаг болжээ. Улмаар Япон даяар эл төсөл хэрэгжиж, тус улсын дийлэнх нь буюу 3500 орчим сургууль эл хөтөлбөрт нэгдэж, өглөө бүр 10 минутыг ном уншихад зарцуулж эхэлсэн байна.
Үүнийг дан ганц сургуулиуд бие даан хийгээгүй гэх. Тодруулбал, ном бүтээгч, хэвлэлийн газрууд хүүхэд цүнхлээд явахад хялбар, нимгэн ном хэвлэх болж, тус улсын засгийн газар хүртэл 21-р зууны боловсролыг хөгжүүлэх хөтөлбөртөө багтааж, 100 тэрбум иен төсөвлөсөн байна.
Ийм үр дүнтэй хөтөлбөрийг Монголд “Альфабүүк” номын дэлгүүрийн хамт олон хэрэгжүүлж, үгүй болсон уран зохиолын хичээлийг ийм байдлаар сэргээн амилуулж, хүүхдүүдийг номтой нөхөрлөх замыг гэрэлтүүлэхээр хичээж байгаа ажээ.
Энэхүү үндэсний хөтөлбөрт та болон танай анги одоо ч бүртгүүлэх боломжтой юм байна.
Бүртгүүлэх холбоос: ЭНД дарж нэвтэрнэ үү
Хөтөлбөр 2023.05.01-нд дуусах бөгөөд идэвхтэй, тууштай, бүтээлч байдлаар оролцсон багш болон сурагчдыг дараах байдлаар шагнаж урамшуулах гэнэ.
Бага анги
Ангийн хүүхэд тус бүрт 100,000 төгрөгийн ном, Анги удирдсан багшид 2,000,000 төгрөг
Ангийн хүүхэд тус бүрт 80,000 төгрөгийн ном, Анги удирдсан багшид 1,500,000 төгрөг
Ангийн хүүхэд тус бүрт 50,000 төгрөгийн ном, Анги удирдсан багшид 1,000,000 төгрөг
Дунд анги

Ахлах анги

Хэрэв та болон таны байгууллага ирээдүйн хойч үедээ хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд ямар нэгэн зүйл хийхээр зорьж байгаа бол “Өглөөний уншлага” хөтөлбөрт хамрагдаж буй захын дүүргийн болон орон нутгийн сургуулийн номын санг тохижуулах, ивээн тэтгэгчийн нэрэмжит ангийг шалгаруулах боломжтой юм байна.