Хөдөө аж ахуйн салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүн, шийдлийг дэмжих зорилготой шинэлэг гарааны бизнесүүдийг шалгаруулах “Agripreneurship сhallenge” тэмцээн болжээ. Уг тэмцээнийг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлээс нийт 100 гаруй аж ахуйн нэгж оролцсон аж. Тэдгээрээс сүүлчийн шатанд шалгарсан найман компани шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан байна. Үүнд “Эйрий фэлт” компанийн агаар цэвэршүүлэх зориулалттай хонины ноосон агаар шүүгч, “Спек материалс”-ын малын өтөг бууцнаас байгальд ээлтэй аргаар гарган авсан аргалын цаас, “Тин грийнс”-ийн хүлэмжийн цогц шийдэл буюу хямд өртгөөр, байгальд ээлтэйгээр хөгжүүлж буй навчит ногооны тариалан зэрэг багтжээ. Эдгээрээс хонины ноосон агаар шүүгч, зөгийн ханднаас гарган авсан өвчин намдаан, үрэвсэл дарах тосон түрхлэг, аргалын цаасыг эхний гурван байрт шалгаруулж, нийт 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгосныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Шалгарсан гурван бүтээгдэхүүнийг цаашид улам хөгжүүлж, олон улсын зах зээлд гаргахад дээрх төслөөс дэмжих юм байна.